Ц.Содномдорж: Эр хүн хэлсэндээ хүрдэг, үнэн шударга байх ёстой
Монгол Улсын Арслан Цэдэвийн Содномдорж анх удаа хэвлэлд /дэлгэцээр/ ярилцлага өглөө. Тэрбээр 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд малчин ард Цэдэвийн арван хүүхдийн найм дахь нь болон мэндэлсэн, өнөр бүлийн гишүүн юм. Түүнийг ЕБС-ийн тавдугаар ангиа төгссөн жил гэр нь Улаанбаатар хотод шилжин суурьшсан бөгөөд тухайн үеэс ахынхаа хамт хар бор ажил хийж, гэр бүлийнхээ амжиргаанд бага гэлтгүй дэм тус болсоор иржээ.
Тодруулбал, Барс зах дээр ачаа зөөдөг байсан бөгөөд энэ үед нь түүнийг бөхийн зүтгэлтэн олж харж, бөх болох замыг нь заасан байдаг.
Ц.Содномдорж 2003 оноос бөхийн бэлтгэлээ тогтмол хийж, Үндэсний их баяр наадамд түрүүлж, МУ-ын Арслан гэх том цолны эзэн болсон юм. Цолныхоо нэр хүндийг хариуцлага хэмээн ухамсарлаж, бэлтгэл сургуулилтаа өөрийнхөө “ажил” хэмээн долоо хоногийн ядаж таван өдөрт нь хүчний бэлтгэл хийсээр өнөөдөрт иржээ.
Сумын заан цолтой аав нь “Бөх хүн, эр хүн шулуун шударга, үнэн байх ёстой. Худал хэлдэггүй, хулгай хийдэггүй байхад хүний бодсон санасан бүхэн аяндаа сайн сайхан болдог”-ийг сурган захидаг байсныг амьдралынхаа мөрдлөгө болгож яваагаа ярьсан юм.
Түүнчлэн ард түмнийг баясган цэнгүүлэх үндэсний бөх нь үндэсний өв уламжлал, түүх соёлыг тээж явдаг учир барилдаан болгоноо уран сайхан байлгах, хамгийн гол нь үнэн байхад дандаа анхаарч, найраа, допингоос ангижрах ёстой гэсэн үзэл бодолтой ажээ.
Түүний бөхийн амжилт, амьдралын зам мөрийн талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг үзэгч, уншигч та бүхэн 2020.09.05-ны өдрийн 20.00 цагаас Цахиур.мн сайтаар хүлээн авч үзнэ үү.
Нийт сэтгэгдэл 0