богино мэдээ New

Украйнаас ирсэн "амьдралын сургамж"

Бүгд урагшилж байна гэж итгэн яаран яаран дороо эргэлдсээр хэзээ ч амьдраагүй мэт нэг л өдөр хэн нэгнээр авсан дээрээ атга шороо цацуулан оддог... Одоо харин.

Орчуулсан А.Наранболд

...Би Украин улсын захын буйд тосгонд төрж өссөн жирийн нэг иргэн. Хүүхэд насныхаа хаврын тэр үнэрийг хамгийн их аз жаргалтайгаар одоо ч би санадаг. Шинэхэн гөлөглөж байгаа цэх улиас, хашаанд ургадаг буйлсны булцууны тэр үнэр. Хүүхэд насны үнэр гэж байдаг бол тэр үнэр нь энэ гэж би боддог.

Намрын салхины аясаар долгилон шаргалтах тариа, зун цагийн ойн чөлөөний цэцэгс, өвлийн моддын мөчир дээр тогтсон хур цагаан цасыг одоо ч дандаа дотроо тод харсаар явдаг. Хүүхэд насны өнгө гэвэл яг эдгээр л байх. Дунд сургуулиа дүүргэж Киев хотноо оюутан болсноор ийм тод мэдрэмжийг дахин аваагүй санагддаг. Мэргэжлээ эзэмшлээ, дахиад сурах, дахиад л мэдлэгээ дээшлүүлэх. Сургуулиас сургуулийн хооронд, номын сангаас номын сангийн дунд бие даалт, судалгааны ажлаас судалгааны ажлын дунд гүйсээр нэг мэдэхэд 8 жил өнгөрчээ.

Энэ хооронд: “Миний хүү надад битгий санаа зовоорой. Эрдэм номдоо л сайн хичээдэг юм шүү. Ээж нь алзахгүй ээ” гэж ядруу дуугаар утсаар ярьж байсан ээж минь өөд болов. Төрүүлж урд хойноосоо зүүж өсгөсөн ганц хүү нь мөртөө ээжийгээ ч харж асарч өвлийн шөнө нэг удаа хөлийг нь дулаацуулж чадаагүй дээ.

Авсан дээр нь атга шороо түрүүлж хийх гэж л нутагтаа очсон. Ингээд зогсоо зайгүй эргэлдэн яарч гүйсээр сурч дууслаа. Их хотын шуугиант, давчуу, яаруу хэмнэлээс ч залхлаа. Азаар сүйт бүсгүй маань төрөлх нутгийн маань дэргэд шахуу багахан хотын харьяат байж таарсан. Ингээд бид ярилцаад аль аль нь төрсөн газартаа, аав ээж, хамаатан садандаа ойр амьдрах нь зөв гэсэн шийдвэр гаргав. Өтөлж нуруу нь бөхийж яваа аав минь ч үүнд маш их баярласан даа.

Гэвч... дахиад л ар араасаа залгасан амьдралын шатууд. Амьдрах орон байртай болох, орон байраа тохижуулах, унах унаа авах, түүнийгээ тоноглох сэлбэх, зуслангийн байшинтай байх, барьж засах гээд л. Албан тушаалын хувьд ч жирийн албан хаагчаас ахлах, нэгжийн дарга, хэлтсийн дарга, дарга, эрхэлсэн түшмэл гээд чадах чинээгээрээ зүтгэсэн зүдэрсэн шат дараалан зорилтууд, зорилгууд. Нууцгүй хэлэхэд би сайн мэргэжилтэн байж санасан зорьсондоо хүрч чадаж байсан. Энэ ч улам бүр шуналыг минь бадрааж цааш цаашаагаа яаран зүтгэх сэдлийг төрүүлж байсан байх.

Ингээд л ар араасаа залгасан яарал бүхий өдөр хоногууд. Хүүхдүүд ч төрлөө. Хүү, охин хоёр маань эхэндээ аз жаргал байснаа сүүлдээ бас л өнөөх яарсан, хөөцөлдсөн, нэгнээс нөгөө рүү зүтгэсэн “чөтгөрийн тойргийн” нэгээхэн хэсэг болж хувирсан. Сайн хүүхэд асрагч олох, гайгүй цэцэрлэгт оруулах, шилдэг сургууль бараадуулах гээд. Эхнэр бид хоёр зүтгэсээр л, олсоор л, болгосоор л. Заримдаа амралтын өдрүүдээр ч гэртээ цөөхөн таардаг, албаны уулзалт, ажлын цуглаан, арга хэмжээтэй байдаг боллоо. Би санадаг юм, нэг л өдөр хүү минь жигтэйхэн том болчихсоныг мэдэрснээ, энэ хүртэл нь яагаад ч юм анзаараагүй явснаа.

Тэгтлээ хүүхдүүдээ ч цаг гаргаагүй амьдарснаа... Хүү минь аавтайгаа миний аав намайг дагуулаад загасанд явдаг байсан шиг загасчлахыг, намартаа тариан талбайн захаар, өвөлдөө цастай ойд цуг зугаалахыг жигтэйхэн их хүсдэг байсан байж таарна. Даанч би “чөтгөрийн тойрогтоо” эргэлдээд хүүгээ ийм том эр болж өсөж байгааг ч анзаарсангүй. Гэвч энэ ухаарал минь ч агшин зуурынх байсан юм. Маргаашаас нь дахиад л ажил, шинэ төлөвлөгөө, шинэ зорилтууд. Орон сууцаа томруулах, зуслангийн байшингаа хаус болгох, унадаг унаагаа сайжруулах гэх мэтчилэн.

Би зогсож чадахаа нэгэнт байчихсан байлаа. Тэр чөтгөрийн эргүүлэг намайг зогсоо зайгүй хар хурдаараа эргүүлсээр бүүр донтуулсан байв. Амьдрал гэгч ямар нэг зүйл босгох, худалдан авах, нэр хүнд, ажил төрлөө дээшлүүлэхийн хооронд түр зуур хаа нэг шагайдаг цонх мэт санагдах болжээ. Эцэст нь надад бүхий л зүйл төгс утгаараа байх ёстой мэт санагдах боллоо. Бүгдийг томруулж, бүгдийг дээшлүүлж, бүгдийг өөрийн болгох гээд л. Энэ хугацаанд “Миний хүү аавдаа битгий санаа зовоорой. Аав нь өөрийгөө болгоод л байгаа. Ах дүүс маань их дэм болдог.

Ажил амьдралдаа л анхаардаг юм шүү” гэж эцэнхийдүү хоолойгоор утсаар ярьдаг байсан аав минь бурхан боллоо. Би бас л нэг шөнө пийшинг нь дүүгтэл галлаж өгөөд сандал дээр нь суулгаж хөлийг нь ноосон бүтээлгээр хучаад хамтдаа яриад суугаагүй. Би түүний хүслэн болж төрсөн, тоостой газарт суулгах дургүй ганцхан хүү нь юм шүү дээ. Би дахиад л авсан дээр нь эхний атга шороог хийхээр төрөлх тосгондоо очсон... Би бүх юмтай, би бусдаас илүү, намайг юу ч зогсоож чадахгүй мэт байсан тэр үед... Нэг л өглөө түгшүүрийн дохиогоор хот сэрсэн. Цас агаарт хялмаалан бутарсан тэр өглөөг би хэзээ ч мартдаггүй. ОХУ-тай удаан хугацаанд үргэлжилсэн зөрчил энэ өглөө дайнаар сэдэрсэн байлаа. Хотуудын төлөөх цус урсгасан тулалдаанд миний хэн ч хөндөшгүй, яндашгүй мэт санагдаж байсан бүхэн балгас болон хувирсан.

Өнөө өчнөөн жилийн цай ч тухтай уух завгүй зорьж бий болгосон бүхий л зүйл минь үнсэн товрог болсон. Өнөө олон өрөө тансаг тавилгатай байр, хэд хэдэн барууны машинтай цэлгэр граж, давхарлан сүндэрлүүлсэн зуслангийн байшин... Бүгд хэдхэн хормын дотор үгүй болсон. Хотын захиргаа татан буугдаж, дайны горимд шилжсэнээр албан тушаалын карьер минь ч энд хүрээд өндөрлөсөн. Бүхэл бүтэн 20 гаруй жилийн турш ямар ч зогсох завгүй яарч бий болгосон, хурааж хумьсан бүхэн маань... Алга болж эгшин зуур гэр бүлээрээ зүгээр л зутруу дүрвэгч болж хувирсан.

Тэр үед “-Яах гэж”, “-Юуны тулд” гэсэн асуултыг өөрөөсөө хамгийн их асууж, гол харлан явснаа өдгөө ч сайн санадаг... Одоо бид гэр бүлээрээ европын нэг оронд цагаачилсан. Бид энд өмнөхтэйгээ зүйрлэх юмгүй эгэл жирийн, бараг ядмаг амьдардаг ч бүгд сэтгэл хангалуун буй. Би одоо хүүхдүүдийнхээ юу сонирхдогийг, юунд хүсэж тэмүүлдгийг мэднэ. Эндхийн ой миний төрсөн нутаг шиг хус, буйлс үнэртүүлдэггүй ч хүүхдүүдийн минь хүүхэд насны өнгийг, үнэрийг бүтээж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Аз жаргал гэгч зогсож чадсан тэр мөчид л эв энгийнээр оршдогийг хожуу ч гэлээ ухаарсандаа би хязгааргүй баяртай байгаа. Миний босгосон бүхэн бусдын л адил тийм ч цэвэр ариун замналаар яваагүй.

Тиймээс энд би ямар нэг нэр, цаг хугацаа дурдахыг хүсэхгүй. Өөрийнхөө амьдралыг “чөтгөрийн тойрогт” оруулан үрэхдээ бас бусдын боломжийг ч давхар хумсалж байсандаа би үнэхээр харамсдаг. Өөрийнхөө амьдралыг өөрөөсөө хулгайлахдаа өрөөлийнхийг ч бас дээрэмдэж байсныхаа төлөөсийг би өгсөн нь энэ байх. Бусдыг ч бас ийм алдаа битгий гаргаасай гэсэндээ үүнийг бичиж байна. Амьдрал гэдэг нэгнээс нөгөө рүү зогсоо зайгүй яаран зүтгэх бус олдсон боломж бүр дээрээ тухлан саатах юм байна гэдгийг бүгд ойлгоосой гэхдээ үзэг цаас нийлүүлж сууна.

Юу ч бодолгүйгээр тухтай хэд хонож байгаагүй том зуслангийн байшин, юунд ч санаа зовохгүйгээр салхи татуулан хурдалж үзээгүй уралдааны машин, бараг ордоггүй олон өрөөтэй, хэзээ хэрэглэх нь тодорхойгүй, заримыг нь бүр хааяа ч хэрэглэж байгаагүй үнэт тоноглолтой орон сууц... Надад яг ямар хэрэгтэй байсныг би өөрөөсөө дахин дахин асуудаг. Үнэ төлж томруулах тусам өртөг нь улам ихэсч эзнээ хэзээ ч зогсох аргагүй болгон чирдэг тийм шунал л “чөтгөрийн тойрог”-ийг хөтлөн эргүүлж байдаг юм билээ.

Бүгд урагшилж байна гэж итгэн яаран яаран дороо эргэлдсээр хэзээ ч амьдраагүй мэт нэг л өдөр хэн нэгнээр авсан дээрээ атга шороо цацуулан оддог... Одоо харин... Харьд би өөр нэгэн үнэт зүйлийг мэдэрч байна. Тэр бол эх орон. Өнгөөр нь баясаж, үнэрээр нь амьсгалж, үхэхийн цагт үр хойчис маань улиран мартлаа ч ядаж хэл нэгтэн залбирал хэлж байх булштай байхыг... Бусдын өмнө эрэмших бахархалтай, эзэмших газар шороотой явахыг... Бид, манай гэр бүл хүснэ. Тиймээс ч би хамгаас хайрт гэр бүлээ энд үлдээгээд төрөлх нутаг руугаа буцахаар шийдлээ. Хувь заяаг минь бурхан адислах биз ээ...
 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0