Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Олон нийтийн Ковид-19 цар тахлын мутаци Омикрон хувилбар хурдацтай тархаж байгааг мэргэжлийн байгууллагуудаас онцолсон. Мөн энэ чиглэлийн эрдэмтэн, судлаач нар ч анхааруулсаар байна. Улсын онцгой комиссоос энэ сарын 20-иос ирэх сарын эхэн гэхэд тус хувилбар өдөрт 18000-аас дээш бүртгэгдэх талаар анхааруулсан.
Мөн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл өөрийн цахим сүлжээгээр дамжуулж ийн бичжээ. Тэрбээр "Омикроныг хөнгөн гэж хуумгай бодож болохгүй. Тархалт маш хурдан, халдварлах чадвар өндөр, нууц үе богинохон 2-2,5 өдөр, яг л хүндхэн ханиад хүрсэн юм шиг шинж илэрнэ. Урьд нь Ковид -19 -оор өвдсөн хүн дахин өвдөнө.
Бага насны хүүхдэд ларингит өгч хүндрэх эрсдэлтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадууд ер нь хэн хэнгүй л хатгаагаар амархан хүндэрнэ. Одоо бол томуу гэхээсээ илүү Омикрон л байгаа.
Амны хаалтаа тогтмол зүүх, ханиаж найтааж байгаа хүнээс хол байх, хүн хоорондын зайгаа сайтар баримтлах, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийн газраар явахгүй байх, хоорондоо зайнаас харилцах нь их чухал болоод байнадаа. Цагаан сараа өнжвөл яасан юм бэ Манайхан" гэжээ.