Сэтгүүлч С.Ариунзул
Эрүүл мэндийн яам гуравдугаар тунгийн хамрагдалт болон Ковид-19 халдварын дельта хувилбарын давлагаа оргил үедээ хүрээд байгааг өнөөдөр онцлон мэдээллээ.
Өвчлөл тархах магадлал өндөр дельта хувилбарын эсрэг вакцин хийж эхэлсэнтэй холбоотойгоор 332,801 хүн гуравдугаар тунд одоогийн байдлаар хамрагдсан байна. Тэдний 99 хувь нь халдвараас бүрэн хамгаалагдаж байгааг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан хэлж байв.
Тодруулбал, вакцины эхний хоёр тунд хамрагдсан 2.1 сая хүний таван хувь нь буюу 100 мянга гаруй хүн халдвар авсан бөгөөд гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн нэг хувь нь л халдвар авсан аж. Тус нэг хувийн 0.5 хувь нь вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дотор өвчилжээ. Энэ нь иргэд вакцины хамгаалах нөлөөнд орж амжаагүй гэсэн үг юм байна. Тиймээс вакцины гуравдугаар тундаа хамрагдаж Ковид-19 дархлаагаа бүрэн тогтоохыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.