Бэлтгэсэн: Сэтгүүлч Л.Баатархүү
ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг дэмжигчид тус улсын хотуудад дахин жагсаж эхэллээ. Харин олон улсын томоохон агентлагуудын мэдээлж буйгаар одоогоор 1000 гаруй хүнийг саатуулаад байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт жагсаалыг манлайлсан 4000 орчим хүнийг улс даяар саатуулсан байна. Москва хотод метроны буудлуудыг хааж, хотын төвд хөдөлгөөнийг хязгаарлажээ.
А.Навальныйг бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан зэрэг хэргээр ОХУ-ын Засгийн газраас ял өгсөн ч тэрбээр эсэргүүцэж одоо олон мянган дэмжигчид нь төрийн энэхүү шийдвэрийг буруушааж байгаа юм.
Оросын хууль хүчний байгууллагуудаас жагсагчдын тоог бууруулж мэдээлж буй ч бодит байдал дээр олон мянган хүн ирснийг видео бичлэг зэрэг баримтаар иргэд нотолж олон нийтийн сүлжээгээр цацаж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Омск хотод гэхэд 1000 орчим, Сибир, Уралын бүсийн Екатеринбург хотод 7000 орчим иргэд жагсаалд оролцсон талаар мэдээлэв.
Үүнээс гадна Навальныйн ойрын хамтрагчдыг саатуулж түүний ах болон Пусси Риотын идэвхитэй Мариа Алёхина нарын олон хүнийг гэрийн хорионд хүртэл оруулжээ.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг хүртэл баривчлах ажиллагаа эхэлжээ. Тухайлбал, вэб сайтын редактор, хүний эрхийн чиглэлээр нэлээд идэвхитэй дуу хоолойгоо хүргэдэг, мэргэшсэн сэтгүүлч Сергей Смирновыг өчигдөр гэрийнх нь гадаа баривчилсан байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн жагсаалд оролцсон гэх шалтгаанаар саатуулсныг сэтгүүлчид мөн эсэргүүжэж буй юм.
Бид мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Эх сурвалж: www.bbc.com
Нийт сэтгэгдэл 0