"Монгол угсаатан" Хэл Хуурчдын Холбооноос санаачлан 2024 оны Тавдугаар сарын 6-ны өдөр Монголд анх удаа хэл хуурчдын чуулганыг зохион байгуулах гэж байна. Уг чуулганыг МУ-ын Соёлын Яам бодлогоор дэмжиж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Соёлын Өвийн Үндэсний Төв, Үлэмж продакшн, Түмэн эх чуулга, Монголын Үндэсний Соёл, Амралтын хүрээлэн дэмжин ажиллах бол Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр МҮОНРТ, Монголын Сайтын Холбоо нар хамтран ажиллахаар болоод болжээ.
Чуулга уулзалтаар хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаачдыг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох алсын харааг тогтоохыг зорих юм байна.
Түүнчлэн 2024 оны 8 дугаар сард хэл хуурчдыг чадавхжуулах, тэдгээрийг таниулан сурталчилж, өрсөлдөх чадварыг дэмжих чиглэлээр Монгол улсын хэмжээнд шилдэг хэл хуурчдыг шалгаруулах Анхдугаар тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид хэл хуурын урлагийг үндэсний брэнд болгон хөгжүүлж, хэл хуурчдыг болон өвлөн уламжлагч нарыг мэргэжлийн хөгжимчний статустай болгох замаар хэл хуур хөгжмийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийг чиглэл болгох аж.
Мөн ирэх 2025 онд Япон улсад зохион байгуулагдах Дэлхийн хэл хуурчдын 10 дугаар фестивальд Монгол Улсынхаа шилдэг хэл хуур тоглооч, урлаач нарыг оролцуулах, 2026 онд Монгол улсад 160 улсын оролцоотой хэл хуурч, урлаач нарын чуулган, олон улсын уралдаан, наамдыг зохион байгуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр олон ажил, арга хэмжээг төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар зэхэж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос энд дарна уу.
Нийт сэтгэгдэл 0