Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Цэдэн-Ишийн Шийрэв багшийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу, хүчит 256 бөхийн барилдаан ирэх ням гаригт 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болно. Мөн түүний төрсөн сум Баянбулагийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй юм байна. Уг ойн хүрээнд сумын Нутгийн зөвлөлөөс санаачлан олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нь нэг энэ удаагийн барилдаан аж.
Тив дэлхийн олон аварга, спортын алдартнуудыг өлгийдсөн Ц.Шийрэв багшийн шавь нараас олимп, тив, дэлхийн 300 гаруй медаль хүртжээ. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө хоёр оны босгон дээр түүний гарын гурван шавь нь Монгол Улсын гавьяат тамирчин болцгоосон юм.
Түүний шавь нараас нь онцолвол мэргэжлийн сүмогийн ёкозүна, Гавьяат тамирчин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар, Д.Төмөрхүлэг, Д.Нармандах, Н.Төгсцогт, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, улсын заан Д.Анар, Б.Серик, улсын начин А.Давааням, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс, Цагаан сарын барилдаанд аймгийн заан цолтойдоо түрүүлсэн анхны бөх Э.Мөнхжаргал, сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга У.Бямбажав, Г.Наранбат, О.Мөнхцэцэг, мэргэжлийн сүмод тод өнгө болсоор яваа Ичиножёо А.Ичинноров, Бүх Японы аварга Б.Төрболд тэргүүтэй олон, олон шилдэг тамирчин түүний шавь юм. Зөвхөн жүдогоор бус спортын олон төрлөөр шавь нараа амжилтад хүргэж яваа нь түүний бас нэгэн онцлог. Риогийн олимпод л гэхэд Ц.Шийрэвийн дөрвөн шавь (Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар, Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн) зодоглосон нь ховор тохиолдол гэлцдэг.