(Бөпөөгийн ПУНЦАГ 1940-2023 он)
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харъяат, Монгол Улсын гавьяат барилгачин, Хөдөлмөрийн баатар Бөпөөгийн Пунцаг өвчний улмаас таалал төгсөж үр хүүхэд, төрөл төрөгсөд, нутгийн зон олон, авто замын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Тэрбээр 1940 онд айлын ганц хүү болон мэндэлж, 15, 16 настайгаасаа эхэлж авто замын ажилд гар бие, сэтгэл зүрхээ зориулсан нэгэн юм. Улмаар Автогрейдерчний курст суралцан төгсөж эх орныхоо өндөр даваа, гуу жалга гээд бартаат, хавцал, толгодын олон зам давааг нойр хоолоо хугаслан байж жилийн дөрвөн улирлын турш засаж бартаа, саадыг арилгасан гавьяатан нэгэн байлаа.
Б.Пунцаг гуай ЗХУ д үйлдвэрлэсэн бүхээггүй Д-144 автогрейдрийг анх удаа хүлээн авч Улаанбаатараас Баян Өлгий аймаг хүртэл 1700 км газрыг олон хоног туулан байж хүргэсэн тухай автозамчид дурсан ярьдаг.
Мөн 1975 онд Д-557 Автогрейдерийг хүлээн авч энэ механизмаараа 40 орчим жил тасралтгүй ажиллахдаа Ховд, Баян-Өлгий, Төв, Архангай, Сэлэнгэ, ОХУ-ын Горный Алтайн район гээд түүний автогрейдерийн ир хүрээгүй газар нутаг оронд нь ховор үлдсэн гэдэг.
Амьдралынхаа 60 жилийг авто зам засвар, шинэчлэлтийн ажилд зориулсан төдийгүй Монгол Улсын гавьяат гээд олон арван шав нараа төрүүлж, ихийг санаачлах, ажлаа өндөр бүтээмжтэй давуулан биелүүлдэг төрөлхийн ажилч хичээнгүй, саруул ухаантай зан чанар нь түүнийг эх орныхоо бахархалт хүмүүн болгосон аж.
Б.Пунцагийн нөр их хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас үнэлж 1990 онд Монгол Улсын гавьяат барилгачин, 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх алдрыг төр засгаас нь хайрлажээ.
Нийтэч, үргэлж үлгэр дуурайлал болдог зан чанар, ажилч хичээнгүй, шинийг санаачлагч, гайхалтай бүтээлч, эх орныхоо бахархалт хүмүүн та тэнгэрийн орондоон амгалан нойрсож, үр хүүхэд, элгэн садандаа эргэн төрөхийн ерөөл тальбъя.
Үр хүүхэд, төрөл төрөгсөд, нутгийн зон олон, авто замын салбарынх нь журмын нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Хүндэтгэсэн
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл
Нийт сэтгэгдэл 0