Сэтгүүлч Л.Баатархүү
Монголчууд хянамгай, нягталдаггүй, хашир бус, аливаад сэтгэл хөөрлөөр ханддаг зангаасаа болж маш ихээр хохирч байна. Дэлхий нийтэд хамгийн өргөн хүрээтэй, том хэрэгт тооцогддог залиланд манай улсын иргэд ч гэсэн ихээр өртөх болов.
Залилагчид эцэс сүүлдээ энэ төрлийн аргаар амьдралаа болгоод сурчихсан, бүлэглэлийн зохион байгуулалттайгаар ч гэмт хэрэг үйлдсээр байна.
Хачирхалтай нь Монголд залилах, хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг нийт гэмт хэргийн талаас илүү хувьд нь бүртгэгдэж байгаа нь сэтгэл эмзэглүүлмээр...
...”өө ёстой асуудал байхгүй, таны юмыг гялс бүтээчихнэ, манай бараа бүтээгдэхүүн үнэхээр чанартай, та урьдчилгаагаа шилжүүлчих, жолооны үнэмлэх найдвартай гаргаж өгнө, виз асуудалгүй гаргана, зах зээлийн үнээс хямд өгнө” гэх мэт “аман мэх”-ний агуулгатай үгэнд хууртаж хэдэн мянган иргэн хохирогч болж цаашлаад эдийн засагт хүртэл сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм.
Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд нийт 230.196 хүн гэмт хэрэгт холбогдож шалгуулжээ. Үүний 17.889 нь буюу 7,8 хувь нь залилах гэмт хэрэг үйлдсэнээс 8178 нь (45.7%) эмэгтэй, 50.7 хувь нь эрэгтэй, 2,6 хувь нь хүүхэд, нэг хувь нь гадаадын иргэн аж.
Нөгөөтэйгүүр нэг хоногт үйлдэгдэж буй гэмт хэргийн 15-18 тохиолдол нь цахимаар үйлдэж буй залилах гэмт хэрэг юм байна.
Түүнчлэн сүүлийн таван жилд залилах гэмт хэргийн гаралт өсжээ. Энэ төрлийн гэмт хэргийг дараахи аргуудаар үйлдэж буй юм.
- Цахим залилан
- Романс залилан
- Онлайн бараа худаладааны залилан
- Олон шатлалт маркетинг буюу сүлжээний залилан
- Фэйсбүүкийн чатаар мөнгө гуйх залилан
- Визны залилан
- Орон сууцны худалдаалах, түрээслүүлэх залилан
- Хандив тусламж гуйх залилан
- Валют арилжааны залилан
- Илгээмж, каргоны залилан
- Өв залгамжлалын залилан
- Банк, ББСБ-ын нэрийг ашиглан цахимаар үйлдэж буй залилан
- Криптовалютын залилан
- Гэрээний залилан гэх мэт голлох төрлийн үйлдлээр бусдыг залилж амьдрагсад олон болж. Бид эдгээр төрлүүдийн талаар тусгайлсан мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг хүргэх болно.
Нийт гэмт хэргийн 50-иас илүү хувийг залилан, эрүүл мэндийг хохироох гэмт хэрэг эзэлж байна
Гэмт хэргийн гаралт, залилах, хүний эрүүл мэндэд хохиролж учруулж буй гэмт хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Мөрдөн байцаах тасгийн дарга хошууч Э.Батбаяртай цөөн хором ярилцлаа.
-Монгол Улсад хэн нэгнийг залилж амар хялбар аргаар амьдардаг хүмүүс их бий болж. Цагдаагийн байгууллагаас ч гэсэн урьдчилан сэргийлэх ажил нэлээд хийж байгаа. Гэвч залилах гэмт хэрэг жил бүр өсөж байна гэдэг мэдээлэл бий. Хоёулаа тоон мэдээллээс тодруулгаа эхэлье гэж бодож байна?
-Нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагаас залилах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын талаар урьдчилан сэргийлэх чиглэлээр маш олон ажил зохион байгуулж байна. Тухайлбал, “Ятгах тусам нягтла” гээд өргөн цар хүрээтэй ажлыг хүртэл амжилттай зохион байгууллаа.
Гэсэн хэдий ч иргэд өөрсдөө сайтар нягтлаагүй, хянамгай бус байснаас болж гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байсаар байна. Ялангуяа цар тахлын хөл, хорионы үеэр залилах гэмт хэргийн гаралт өслөө. Өнгөрсөн онд гэхэд 20983 гомдол, мэдээлэл иргэд, байгууллагаас ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, дунджаар сард 1748, өдөрт 58, цагт 2-3 иргэн энэ гэмт хэргийн золиос болж буй юм.
Манай цагдаагийн байгууллагын зүгээс иргэдэд хууль, эрх зүйн мэдээ мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх нөлөөллийн олон төрлийн ажил хийдэг. Энэ гуравдугаар сарын 15-аас гэхэд хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, залилах гэмт хэргийн эсрэг аяныг явуулж байгаа.
-Гэмт хэргийн олон тохиолдол мэдээж бий. Гэхдээ яагаад энэ хоёр төрлийг онцолж аян явуулж байна вэ. Өмнө нь бас залилах гэмт хэргийн эсрэг аян явуулж байсан санагдана?
-Шуудхан хэлэхэд энэ хоёр гэмт хэрэг нийт гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг. Тодруулбал, 2023 оны эхний хоёр сарын байдлаар 7000 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс уг гэмт хэргүүд 50 гаруй хувийг эзэлсэн байна. Үүнээс залилах гэмт хэрэг 4000 гаруй, 1500 гаруй нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд үйлдэгджээ. Тийм учраас цагдаагийн байгууллага анхаарч, иргэд рүү чиглэсэн нөлөөллийн ажил хийхээс өөр арга байхгүй.
-Энэ төрлийн гэмт хэргүүд ингэж ихээр гараад байгаагийн цаад учгийг мэргэжлийн хүмүүс та бүхэн юу гэж харж байна вэ?
-Залилах гэмт хэрэг гэхэд иргэд ямарваа асуудлыг сайтар нягтладаггүй, хуурамч өнгө аяст хэт итгэдэг, сэтгэл хөөрлөөр ханддаг, шалгахгүйгээр бусдад мөнгө, эд хөрөнгө шилжүүлдэг байдлаас болж хохирсоор байгаа. Ялангуяа олон нийтийн сүлжээ нүүр номын нэвтрэх мэдээллээ алдах эсвэл хэн нэгэн найзынх нь ийм хаягийг хууль бусаар олж авсан нөхдүүд ойр тойрны хүмүүсээс нь зурвасаар мөнгө гуйж, зээлдэг. Түүнийг нь сайтар нягтлахгүйгээр мөнгийг нь шилжүүлчихдэг, дараа нь хохирогч болдог ийм л байдал газар авсаар байна.
Тэр мөнгө хүсэж байгаа хүнийг таны таньдаг хүн мөн эсэхийг нь нотлохыг нь тулд ганцхан минутыг зарцуулаад утсаар холбогдож тодруулдаг ч юм уу арга хэмжээ авч нягталвал хохирогч болохгүй байх бүрэн боломж бий.
Залилах гэмт хэрэгт 12 ба түүнээс дээш жил хүртэл хорих ялын заалттай
-Залилж байгаа этгээдүүд 20 мянга ч юм уу бага хэмжээгээр хүсдэг. Тэд бага мөнгө учраас би ялд унахгүй, “Аа яадаг юм бэ” гэсэн байдлаар хандаж бусдыг хохироогоод байх шиг. Ер нь залилах гэмт хэрэгт хохирлын хэмжээг заасан байдаг юм уу?
-Залилах гэмт хэрэг хохирлын хэмжээг шаардахгүй. 5000, 10000 хэдэн ч төгрөг байсан залилах гэмт хэрэг үйлдсэн л бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Хуулийн хариуцлагын хувьд тухайн үйлдсэн, бусдад хохирол учруулсан байдлаас үүдэж 450 нэгжээс дээш торгох, 12 ба түүнээс дээш жилээр хорих хүртэл ял шийтгэлтэй.
-Иргэд фэйсбүүк орчинд их залилуулж байх шиг байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэх ёстой вэ?
-Тухайлбал, фэйсбүүк пэйже хуудаснаас бараа захиалж байгаа тохиолдолд хамгийн эхэлж тэр хуудсыг хэзээ нээсэн юм бэ, онлайн худалдаа явуулаад хэр удаж байгаа вэ, хүмүүс өмнө нь бараа авч байсан юм уу үгүй юу гэдгийг сайтар нягтлах ёстой. Ганц хоёрхон барааны пост тавьж, захиалга авч байгаа пэйже хуудаснаас худалдан авалт хийхгүй байх нь иргэн өөрийгөө хохирогч болохоос сэргийлэх бас нэгэн том боломж.
Тэмдэглэлт баяр ёслолын үеэр гэхэд дээл, үндэсний хувцас захиалгын залилан гарч эхэлдэг. Ямар нэг албан ёсны газрын дээл хувцасны зураг, хаягийг аваад арай хямд зарж, захиалга авдаг. Худалдан авагч захиалгаа өгчихөөд авах гэхээр өнөөх нь алга болчихдог, уг албан ёсны газрын нэр, хаяг, бүтээгдэхүүнийг ашиглаж залилагч нар бусдыг хохироодог ийм л нөхцөл байдал их байна.
-Та ярианыхаа эхэнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг их гарч байна гэсэн. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн Дорж, Дулмаа бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг ихэссэн талаар та тоон мэдээлэл ярилаа. Энэ ер нь юунаас болоод яагаад, хаана ийм хэрэг ихэвчлэн гараад байна вэ?
-Оны эхний хоёр сарын байдлаар 7000 гаруй гэмт бүртгэгдснээс 1500 гаруй нь энэ төрлийн байгааг дээр хэлсэн. Ихэнхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын бие махбодод халдсан гэмт хэрэг 90 гаруй хувь нь байгаа. Үүн дотор ахуйн хүрээнд болон бар ресторанд дийлэнх тохиолдол нь бүртгэгдэж байна. Ахуйн хүрээнийх нь гэр орондоо согтуурч, гэр бүлийн хүмүүс бие биендээ хатуу үг хэлэх, гэр бүлийн таарамжгүй байдлаас согтуурсан үедээ нэгнийхээ биед халдах гээд янз бүрийн тохиолдлууд бий. Гэр бүлийн дотоод асуудлаа эрүүлээр, ярилцаад шийдчих зүйлийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уур уцаараа гаргаж нэгнийгээ хохироодог. Гэр бүлийн ийм гэмт хэрэг их гардаг нь манай монголчуудын дотогшоо зантай ч холбоотой.
Иргэн та хэдхэн хором өөрийгөө хохирогч болохоос сэргийлээд нягталж, шалгасны дараа мөнгө төгрөгөө шилжүүлэх нь таныг олон эрсдлээс хамгаалж чадна.
Эцсийн дүндээ төр, цагдаа хэн нэгэн таныг албаар түлхэж хохирогч бол гэдэггүй. Таны өөрийн хариуцлага, хянамгай байдал л залилангийн хохирогч болохоос сэргийлж чадна.
Нөгөөтэйгүүр монголчууд, солонгосчуудыг “Ямаан омогтой” гэж ярьцгаадаг. Юм л бол гар хүрчих гээд, дуугаа өндөрсгөж, хэрүүл хийчихдэг төрлийн үндсэн.
Гэхдээ иргэд ганц хором тэвчиж, уураар биш ухаанаар шийдэж хүлээцтэй хандвал хэн нэгнийг хохироох, хохирох, өөрөө эрүүгийн хэрэгтэн болох шаардлагагүй. Мөн ганц хором нягталж чадвал залилангийн хохирогч ч болохгүй.
Нийт сэтгэгдэл 1
Зочин 1 жил
За ёстой үнэн шүү. Ганц хором ухаантай, хянамгай хандвал гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна