Сэтгүүлч С.Хэрлэн
Өмнөговь аймагт "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Шинэ мянган айл" орон сууцны бас нэгэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар аймгийн засаг дарга Р.Сэддорж "Бага, дунд орлоготой иргэн, төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдийг инженерийн бүрэн хангамж бүхий хямд өртөгтэй, чанартай амины, түрээсийн болон нийтийн сууцаар хангах, хүн амын худалдан авах чадварт тохирсон орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.
Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран орон сууцны барилга, хотхон, хороолол барих замаар шийдвэрлэх юм.
Иргэдийн өмчлөл, эзэмшлийн хашаандаа амины орон сууц барих, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэх, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барилгажуулах замаар мөн барилга хотхон, хороолол барих хөрөнгө оруулагчдад газар, дэд бүтцийг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгч зах зээлд борлуулах дээд үнийг тогтоох, дуусаагүй барилгыг ашиглалтад оруулах зардлыг шийдвэрлэх, иргэдэд орон сууцны зээл, урьдчилгаа төлбөрийг арилжааны банкнуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, дэмжлэг үзүүлэх зэргээр " Шинэ мянган айл" орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" гэв.