Энэ өдрүүдэд өмнийн говь тэмээн сүргийн тоосонд дарагдаж байна. Учир нь энэ сарын 25, 26-нд Өмнөговь аймгийн 15 сумаас 13-ынх нь тэмээчид, зочид ирж оролцсон "Тэмээний уралдаан-2021" арга хэмжэээ болсон юм. Хоёр өдөр үргэлжилсэн уг арга хэмжээ нэлээд өргөн дэлгэр болж оролцогчид ч гэсэн сэтгэл өндөр буцацгаалаа.
Атан тэмээний уралдаанд 37 тэмээ уралдсанаас Баяндалай сумын уяач М.Мөнхбуяны хоёр шар ат түрүү болон аман хүзүүнд хурдаллаа. Удаах байруудад Хүрмэн сумын тэргүүн уяач Б.Баянжаргалын хоёр хүрэн ат ирсэн бол айргийн тавд Хүрмэн сумын уяач Т.Ганбатын бор ат хурдалсан байна.
Тайлаг тэмээний уралдаанд 37 тэмээ шандас сорьсноос Сэврэй сумын уяач С.Санжийн шар тайлаг магнайлж, аман хүзүүнд Цогт-Овоо сумын Д.Алдарсайханы шар тайлаг хурдаллаа. Харин айргийн гуравт Гурвантэс сумын уяач П.Намсрайн хүрэн тайлаг, айргийн дөрөвт Мандал-Овоо сумын аймгийн тэргүүн уяач Л.Ганболдын ногоон тайлаг, айргийн тавд Гурвантэс сумын аймгийн тэргүүн уяач Н.Мэндбаярын улаан тайлаг хурдалж, уяач эзэн, үзэгч олны мэлмийг мялаалаа.
Тэмээний уралдааны хамгийн өхөөрдөм мөч торомны уралдаан байлаа. Цогт-Овоо сум харьяат сумын тэргүүн уяач Б.Сумъяагийн ногоон тором түрүүлж, үзэгч олны хайр хүндлэлийг хүлээсэн юм. Аман хүзүүнд Гурвантэс сумын аймгийн тэргүүн уяач Н.Гантулгын улаан тором, айргийн гуравт Баян-Овоо сумын уяач Б.Отгончулууны шар тором, айргийн дөрөвт Сэврэй сумын уяач, П.Бөхчулууны шар тором, айргийн тавд мөн сумын харьяат сумын тэргүүн уяач С.Очир-Эрдэнийн улаан тором тус тус хурдаллаа. Тэмээний богино зайн уралдаанд Баяндалай сумын М.Мөнхбуян, Х.Жавхлантөгс, Хүрмэн сумын Б.Түвшинжаргал нарын тэмээд тэргүүлсэн байна.
Энэ үеэр буухиа тэмцээн зохион байгуулсан бөгөөд Баяндалай сумын баг тэргүүн байрт шалгарч Мандал-Овоо сум, Цогт-Овоо сумын багууд удаалсан байна. Мөн гоё тэмээтэй сайхан хосын тэмцээнд Ханхонгор сумын Өгөөмөр багийн Ж.Шинэбат, Ж.Мягмарсүрэн нарын гэр бүл түрүүлж, Ханхонгор сумын Мандах багийн Г.Баянтөр, М.Алтанзул нар хоёрт шалгаран, Даланзадгад сумын Ц.Батцэнгэл, Х.Туул нар удаалжээ. Сайхан хосын тэмцээнд унасан тэмээний гоёлоос гадна хосуудын хувцаслалт нь үндэсний хэв шинжийг хэрхэн хадгалсанд шүүгч нар үнэлгээ өгч шалгаруулсан.
Өмнөговь аймагт 2020 оны эцэст 166.8 мянган тэмээ тоолуулсан нь 2003 оноос хойш 96.6 мянган толгойгоор буюу 2.4 дахин өссөн үзүүлэлтэй байгаа бөгөөд Монгол Улсын нийт тэмээний 35,5 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд батлагдсан 3 үүлдрийн тэмээн сүрэг байдгаас, Өмнөговь аймагт Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан үүлдрийн тэмээний цөм сүргийг үржүүлэн ашиг шимийг нь өргөнөөр хүртэж байгаа юм.
Тэмээний уралдааны үеэр аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Өмнөговь аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрт тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд “Ботгоны мөнгөн урамшуулал”-ыг жил бүр бойжуулсан ботго тутамд олгож, олон тэмээтэй малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, тэмээний ашиг шим, судлагдаагүй өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх зорилгоор Тэмээний төрөлжсөн эмнэлгийг байгуулах, тэмээний ашиг шимийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Цаашид тэмээн соёлыг хөгжүүлж, олон улсын хэмжээнд сурталчлах, тэмээний баярын эвент, үйл ажиллагааг аялал жуулчлалын салбартай холбож эдийн засгийн эргэлтэд оруулах зорилго тавин ажиллаж байна" гэлээ.
Нийт сэтгэгдэл 0