A24 агентлаг
НҮБ-ын шинжээчид 2100 он гэхэд дэлхий даяар түймрийн тоо 50 хувиар нэмэгдэх тооцоог гаргажээ. Тиймээс засгийн газрууд энэ үзэгдэлтэй тэмцэхэд бэлэн биш байгааг анхаарууллаа. Үүнийг энэ оны хоёрдугаар сарын 22-нд болсон НҮБ-ын Байгаль орчны ассамблейн чуулганы үеэр сэрэмжлүүлэв.
Зүүн Азийн далайд гарцгүй Монгол Улсад хавар, намрын улиралд хур тунадас бага, хуурай, салхи шуургатай байгаа нь тал хээр, ой хээрийн түймрийн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Харамсалтай нь ихэнх түймэр хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүсэж буйг мэргэжилтнүүд онцлов.
Гал түймрийн оргил үе нь ихэвчлэн гуравдугаар сарын сүүлээр эхэлж, зургаадугаар сарын 10 хүртэл үргэлжилдэг бөгөөд өөр үе нь есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд эхэлдэг. Монгол Улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд ган гачгийн давтамж, эрчимжилт нэмэгдсэн байна.
Жилд дунджаар 4-5 удаа хил дамнасан ой, хээрийн түймэр гарч байгааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан хэллээ. Мөн Говь-Алтай, Баянхонгор, Арвайхээр, Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудад элсэн цөл ихтэй тул ой хээрийн түймэр гарах эрсдэл бага байдаг талаар ярьсан. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар “Иргэд шатамхай хий, газыг машиндаа их хэмжээгээр авч явдаг. Авч яваа газаа хэт халуун газарт байлгах нь галын эрсдэл үүсгэдэг болохыг анхаарууллаа.
Э.Энх-Амгалан, Хошууч, Онцгой байдлын ерөнхий газар, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн
-Манай улсын хэмжээнд 2022 он гарснаас хойш таван аймгийн есөн суманд 10 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдээд байна. Урдчилсан байдлаар 150 мянган га талбай өртсөн гэсэн тооцоо гарсан. Энэ жилийн хувьд цар тахлын хөл хорио цуцлагдсан. Мөн энэ хуурайшилт ихтэй байгаа. Тийм учраас ой хээрийн түймэр гарах магадлал маш өндөр байна. Түүнээс гадна улсын хил дамнасан ой хээрийн түймэр жилд дунджаар 4-5 удаагийн давтамжтай бүртгэгддэг.
Хөвсгөл, Булганы хойд хэсгүүд нь өндөр эрсдэлтэй. Дунд эрсдэлтэй хэсэг нь говь тал руугаа ягаан харагдаж байна. Бүр бага эрсдэлтэй урд зүг рүүгээ байдаг. Говийн бүс рүүгээ Говь-Алтай, Баянхонгор, Арвайхээр, Өмнөговь, Дундговь аймгийн хэсгүүдээр ой хээрийн түймрийн эрсдэл байхгүй гэж болно. Учир нь энэ бүс нь цөл ихтэй. Хойд модтой хэсэгт ойн түймэр, зүүн талаар хээрийн түймэр их гардаг.
Жил бүр Улсын онцгой комиссын болон Онцгой байдлын ерөнхий газрын албан даалгавар гардаг. Эрсдэлтэй бүсүүдээр морьтой эргүүл хийдэг, хяналтын пост ажлуулдаг. Мөн явганаар эргүүл, пост гардаг. Ингэснээр ой хээрийн түймрийн эрсдэл бууруулдаг. Гэвч иргэд эрсдэлтэй бүсээр зорчин явахдаа оч баригчгүй авто машинаар явж байна. Татсан тамхиа дутуу унтрааж хаяж байна. Санамсаргүй байдлаас болж гал алдаж байна. Асаасан гал түүдгээ бүрэн унтраагаагүйгээс болж гал түймэр гаргаж байна.
Нийт сэтгэгдэл 0