Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” санаачилгыг гаргаад байгаа. Уг салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн “Digital nation” нэр дор үндэсний хамгийн том арга хэмжээ болон 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.
Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байна. Цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийн иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг нийтэд танилцуулах, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг олон боломжийг “Digital nation-2021” бүрдүүлж байна.
Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Энэ ч утгаараа “Digital nation – 2021” арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулагдах юм.
Нийслэл Улаанбаатар хотын төвд, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үеэр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулахын зэрэгцээ 5G сүлжээнд шилжих, олон нийтэд танилцуулах арга хэмжээг болно. Түүнчлэн цахим спорт, соёл урлагийн хэсэг зэрэг олон нийтийг хамарсан өргө хэмжээний үйл ажиллагаа болох гэж байна.
Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллагууд www.digitalnation.mn сайтаас талбайгаа захиалах боломжтой.
Эх сурвалж: ХХМТГ
Нийт сэтгэгдэл 0