Сэтгүүлч Л.Баатархүү
Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас сурагчдын зуны амралтыг наашлуулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, ирэх даваа гаригаас буюу энэ сарын 10-аас 1-3-р ангийн, 14-өөс дунд, ахлан ангийн сурагчдын амралтыг эхлүүлэхээр болов. Үндсэндээ бага ангийхны хувьд маргааш хичээллээд амарч буй аж. Төгсөх ангийхны хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтын давтлагад хамрагдах байдлаар сургалтаа үргэлжлүүлэх юм байна. Харин ирэх хичээлийн жилийн хувьд наймдугаар сарын 15-аас эхлэхээр болжээ.
Багш нар уг шийдвэрийг хоёр талаар хүлээн авч байгаа. Бага, дунд ангийн гурван багштай /нэр, ажлын газраа хэлэхээс татгалзав/ холбогдож тодруулахад тэдний байр суурь иймэрхүү байв. "Хүүхдүүд дэлгэцтэй их харьцаж буй учраас мэдрэлийн ядаргаанд орох байдал их байна. Гэхдээ үзэж амжаагүй, үзэхээр төлөвлөсөн хичээлүүд гэнэтийн шийдвэрээс болж орхигдох нь тодорхой боллоо. Уг нь амралтын төлөвлөсөн хугацаа хүртэл хичээлүүдээ үзээд яваад байсан бол сайн. Хүүхдүүд маш их хоцрогдолтой байгаа. Бид одоогоор зуны амралт эхлэх талаар ямар нэг мэдээлэл аваагүй байна" гэлээ.
Харин БШУЯ-аас ийнхүү тайлбарлаж байна.
- "Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан байдаг. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 247040 хүүхэд, ЕБС-д 680837 хүүхэд суралцаж байна.
Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялгаатай байдлыг нэмэгдүүлэх, багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа учир амралтыг наашлуулахаар хэд хэдэн хувилбар боловсруулсан.
Боловсруулсан саналуудынхаа хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөлдсөн.
Ингээд Цэцэрлэг болон 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.07-ны өдөр хичээллүүлээд амраах бол 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний баасан гарагт хичээллээд амарна. Есдүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Давтлага танхимаар эсвэл зайнаас байх уу гэдгийг УОК эцсийн байдлаар шийдвэрлэнэ. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байна" гэсэн тайлбар өглөө.
Нийт сэтгэгдэл 2
Зочин 3 жил
Сурагчид үнэхээр их ядарч байна. Гэхдээ ингээд амарчихаар тэд өдөрт 4 хананы дунд юу хийнэ эээ
Зочин 3 жил
Төлбөртэйгээр хүүхдээ сургаж байгаа эцэг эхчүүд хохирлоо