богино мэдээ New

Урианхай сурын “ОНТУЦАХ” харваанд улсын мэргэн Б.Хатансайхан түрүүллээ

эртний уламжлалыг шингээж харваачид онтуцан /хаалцах-харвалцах/ даваачилснаар хоёр харваачийн хоорондын өрсөлдөөнийг илүү гаргалаа. .

Сэтгүүлч Л.Баатархүү

   Урианхай сурын Хүндэт мэргэн, Монгол улсын гавъяат багш Т.Ядамжавын нэрэмжит “ОНТУЦАХ” харвааг Монголын урианхай сурын холбооноос өнөөдөр анх удаа зохион байгууллаа.

Уг харваанд нийтдээ 73 харваач цэц мэргэнээ сорьсноос Улсын мэргэн долоо, спортын мастер 20, дэд мастер есөн харваач оролцов. Шагналт найман байрыг шалгаруулснаас тэргүүн байрыг Улаанбаатар хотын Налайх дүүргийн харъяат “Мондэй” багийн харваач Урианхай сурын Улсын мэргэн Б.Хатансайхан түрүүлж, Баян-Өлгийн аймгийн Булган сумын харъяат залуу харваач Ч.Отгондалай анх удаа тэмцээнд оролцон удааллаа. Харин хүрэл медалийг Дорнод аймгийн Булган сумын харъяат, “Эммэд партнер” ХХК, “Андууд” багийн харваач Б.Нямбаяр, Ховд аймгийн Дуут сумын харъяат “Мондэй” багийн харваач Б.Цогттөмөр нар хүртсэн юм.

Өнөөдрийн харвааг бусад харваанаас дүрмийн хувьд өвөрмөц дэг жаягаар зохиосон. Тухайлбал, эртний уламжлалыг шингээж харваачид онтуцан /хаалцах-харвалцах/  даваачилснаар хоёр харваачийн хоорондын өрсөлдөөнийг илүү гаргалаа. Эхний даваанд бүх харваач есөн сум тавив. Үүнээс хоёрдугаар даваанд хамгийн бага оноотой харваачдыг оноолтоор хоёр хоёроор нь өрсөлдүүлж ялсан харваачийг гуравдугаар давааны 64 харваачид үлдээсэн юм. Ингээд үлдсэн 64 харваачийг нугалж зургаан сум харвуулснаар ялсан нь 32-т үлдэж өндөр цолтой харваачид дараагийн даваануудад амлах байдлаар харвалаа.

Өвөрмөц мөн эртний уламжлалыг шингээсэн өрсөлдөөнтэй энэхүү харвааг “Цаашид уламжлал болгон явуулах нь зүйтэй” гэдгийг сурчид онцолж байв.

Сүүлийн даваанд үлдсэн шилдэг дөрвөн харваачийн агшнаас хүргэж байна. Зүүн гар талаас Улсын мэргэн Б.Хатансайхан, спортын мастер Б.Цогттөмөр, залуу харваач Б.Нямбаяр, Ч.Отгондалай