богино мэдээ New

Ш.Гантулга: Монгол Улсад лалын шашны аюул шууд заналхийлж байна

Лалын ертөнцийн нэг онцлог бол нэг хэсэг нь нэлээд хоцрогдсон нийгэм байдаг..

Сэтгүүлч Б.Энхзаяа

Терроризмын аюул заналын талаар олон улсын тоймч Ш.Гантулгын байр суурийг сонирхлоо.

-Терроризм хэдхэн улсад биш дэлхий нийтэд түгшүүр зарлаж эхэллээ. Ийм эрсдэл манай улсыг тойроод өнгөрнө гээд орхиж болохгүй юм шиг. Энэ тухай таны байр суурийг сонирхвол?

-Лалын шашинтай үндэстэн байгаа газар бүрд лалын шашны хэт даврагч, террорист үзэл санаа гарч ирэх магадлал маш өндөр байдаг. Яагаад ингэж үзэж байгаа юм гэвэл 2001 оны есдүгээр сарын 11-нээс эхлээд лалын ертөнц АНУ-ын маш хүчтэй нөлөөлөлд өртсөн. Лалын ертөнцийн нэг онцлог бол нэг хэсэг нь нэлээд хоцрогдсон нийгэм байдаг.

Ийм нийгэм рүү маш хүчтэй хэт орчин үеийн үзэл санаа, соёл, цэрэг зэр зэвсэг ороход лалын нийгэмд маш хүчтэй өөрчлөлт богино хугацаанд гарч ирсэн. Физикийн хуулиар ямар нэг зүйлд хүчээр үйлчлэхэд түүнтэй адил хариу үйлдэл үзүүлдэг.

Түүнтэй яг адил лалын ертөнцөд хүчтэй нөлөө үзүүлээд байгаа болохоор хариуд нь барууны ертөнц, дэлхий дахинд ийм хариу үзүүлж байгаа.

-Тодруулбал?

-Энэ хариу үйлдлийн хамгийн тод жишээ бол эхлээд “Ал Кайда” байгууллага гарч ирсэн явдал. Сүүлдээ лалын Халифат байгууллага гарч ирээд байгаа. Лалын халифатыг бут цохисон ч гэсэн үүний гол эх үүсвэр нь байгаа болохоор терроризмын аюул дэлхийн улс орнуудыг айлгаад байна.

Монгол Улсад хүрч ирэхгүй гэх баталгаа байхгүй. Учир нь манай улсад лалын шашинтай ард түмэн байгаа. Улс төрийн нөхцөл байдлын хувьд Сири улсад аймшигтай иргэний дайн болж байгаа. Дайн дуусах гэж байна. Зуух руу маш их түлээ хийхэд сүүлд нь тэр орчмын бүх зүйлийг шатааж дуусаад гал унтардаг.

Гэхдээ галын оч нь ийш тийшээ цацарна гэдэг нь тодорхой. Түүн шиг Сирид байлдаж байгаа хүмүүс эргээд эх нутаг руугаа буцаж очно. Тэнд лалын шашинтай бүх улсаас сайн дурынхан очоод байгаа шүү дээ.

Тэдний нэлээд олон хувь нь хуучин ЗХУ болон Хятадтай хил залгадаг Уйгарын үндэсний хүмүүс.Дараагийн аюултай зүйл гэвэл хуучин ЗХУ одоогоос 25 жилийн өмнө задарсан. Тэр үед ЗХУ-ыг удирдаж байсан хүмүүс одоо 25 насаар хөгширсөн.

Эхнээс Узбекистаны ерөнхийлөгч нас барчихлаа. Хуучин удирдагчид нь мөхөөд эхлэхээр тэдгээр улсад улс төрийн тогтворгүй байдал бий болж байгаа. Сириэс ялгаатай нь гэвэл Казахстан, Укбекистан, Туркместан зэрэг улсад шатах материал маш их байгаа.

Дээрээс нь маш олон тооны ажилгүй залуус байна. Тэднийг лалын шашны хэт даврагч үзэл санаагаар элсүүлэхэд маш амархан. Өөрөөр хэлбэл, тэнд дайн болох гол нөхцөл байна. Хуучин ЗХУ-ыг дөнгөж задрав уу, үгүй юу хамгийн түрүүнд Узбект лалын намууд гарч ирсэн. Тэгээд хамгийн түрүүнд тэнд буудалцаж эхэлсэн.

Ислам Каримов байсан  тулдаа алан хядагчдын удирдагчдыг хөрш зэргэлдээ Кыргыстаны Батиканы хөндий рүү зайлуулж, үлдсэн цэргүүдийг хайр найргүй устгаж нөхцөл байдлыг намжаасан.

Одоо Ислам Каримов байхгүй болсон. Нөгөө талаас Монгол Улстай хил залгадаг Казахстаны удирдагч Нурсультан Назарбаев нас өндөр болоод байна. Төр, засгаа удирдаж хүмүүсийг гартаа хатуу барьж чадахаа больж байх шиг байна.

Түүний шууд илрэл бол Казахстаны Актобе хотод засаг, төрийн эсрэг жинхэнэ самуун бослого хэд, хэдэн удаа гарлаа. Цэргийн ангиуд руу хүмүүс шууд зэвсэг бариад дайрлаа.

Тэр дор нь дарахгүй бол цэргүүдийг өөрийн талд нь оруулаад танкууд нь асаагаад шууд байлдаанд орно гэсэн үг. 1990-ээд оны оны үед тийм байсан.

-Тэгвэл манай улс энэ байдлыг анхаарах ёстой гэж ойлгож болох уу?

-Саудын араб болон Катар улсаас лалын шашныг сурталчлах, нэн ялангуяа хэт даврагч аюултай үзэл санааг сурталчилдаг хүмүүсийг тусгай улсын программаар тийшээ явуулаад хүмүүсийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж байгаа.

Яг тэгж оруулж байгаа момент үеийг хуучин ЗХУ-ын удирдагчид харалгүй өнгөрсөн. Тэгэхээр тэд нууц байдалд орчихсон. Юу юугүй тэсрэх аюултай нөхцөл байдал бий болчихсон байгаа. Манай Баян-Өлгийд ч бас адилхан.

Төр засгийн өндөр албаны улс Катараас тусламж авч оронд нь олон хүнийг хаж мөргөлд явуулаад байгаа. Тэр хүмүүс нь Катарын дэмжлэгтэйгээр эргээд лалын шашныг сурталчлах зорилгоор нутагтаа ирж байна. Тэгэхээр манай улсад лалын аюул шууд заналхийлж байна гэсэн үг.

Одоо лалын ертөнцөд хоёр гол төв байна. Нэг нь Саудын Араб нөгөө нь Катар. Энэ хоёр улс лалын шашны ногоон тугийг гартаа атгахын төлөө тэмцэж байна. Катарын бүлэглэлүүд бол жил бүр дор хаяж 180 тэрбум ам.долларыг зүгээр олж авдаг.

Тэр мөнгийг бүгдийг нь тус улсын гадаад имиджийг сайжруулахын тулд, өөрөөр хэлбэл лалын шашны болж бүтэхгүй бүлэглэлүүдэд зориулж өгдөг.

Саудын Араб ч яг адилхан. Хөрш зэргэлдээ Хятад улсад гэхэд засаг төр нь хатуу байсан хэр нь Сирид лалын халифат бүлэглэлийн талд уйгур үндэсний хүмүүстэй бүхэл бүтэн гурван том зэвсэгт отряд байна. Тайландын Бангкок хотод бөмбөг дэлбэлсэн хүмүүс бас л уйгаар үндэсний хүмүүс.

Хорезмын эзэнт улсыг Чингис хаан сөнөөсөн. Хулугу хаан Багдад хотыг үнсэн товорго болгосон. Тиймээс монголчуудаас өшөө авах хэрэгтэй гэж Катарын Аль-Жазира телевизээр лалын шашны хэт даврагч шууд илэн далангүй хэлж байгаа. Түүнийг лалын халифат бүлэглэлийн бүх хотуудад сонсч байгаа.

-Эрсдэлтэй нөхцөл байдалд бид ямар бодлого барих ёстой вэ?

-Болзошгүй аюултай нөхцөл байдалд эртнээс сайн бодож тооцох ёстой л доо. Харамсалтай нь, манай улс батлан хамгаалах хүчнээ ардчиллын эхэн үед бараг л устгачихсан. Аюулаас хамгаалах, тагнуулын байгууллагын удирдлагыг ардчилагдсан Засгийн газрын үед баахан хольж хутгачихсан.

Тэд нь Монгол Улс, ард түмнийг хамгаалж чадах эсэх нь тодорхойгүй. ОХУ-аас найрамдалт харилцаагаа тасалчихсан. Тийм болохоор ОХУ-аас цэргийн тусламж, ядахдаа зэр зэвсэг сум хэрэгсэл авах хаалга хаагдсан эсэхийг бид одоо мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын аюулгүй байдал хутганы ирэн дээр ирчихээд байгаа.

Дундад Азид Узбекистан хамгийн том нь. Дараа нь Тажикстан, Туркменистан гээд тогтворгүй улс төртэй улс бий. Хажууханд нь Афганистан байгаа. Бүгд хил залгаа улсууд. Хамгийн жижиг Кыргыстанд гэхэд ямар аюултай үйл явдал болов.

Цагдаа нарын автомат бууг нь булааж аваад буудалцаж байсан. Ийм үйл явдал манай хажууханд болж байгаа болохоор бидний хувьд эрсдэл өндөр. Тиймээс ерөөсөө манайх батлан хамгаалах үзэл баримтлалаа дахин харж үзэх хэрэгтэй.

Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг дипломат аргаар хамгаална гэдэг. Монгол Улс оршин тогтносон бүх он жилүүдэд аюулгүй байдлыг гартаа зэвсэг барьсан монгол эр хүн хамгаалж ирсэн.

Манайх олон улсад болж байгаа зүйлийг өөрсдөөс нь хол гэж санадаг. Энэ бол алдаа. Сирийн иргэд яг л ийм бодолтой байсан. Ийм аюул болно гэж бодоогүй.

Гэтэл одоо хар. Бид өөрөө өөрсдийгөө хамгаалахаас биш бидний хувь заяаг хэн ч сонирхохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.