богино мэдээ New

АН-ын шинэ дарга хэн болох вэ?

АН-аас УИХ-д суусан гишүүд дундаа Лу.Болд гишүүн нөлөөтэй байх магадлалтай. .

АН-ын ҮЗХ-ны хурал маргааш буюу есдүгээр сарын 16-нд үргэлжилнэ. Энэ хуралдаанаар ирэх арванхоёрдугаар сард болох Их хурал хүртэл АН-ыг удирдах даргыг сонгох юм. 

 

 

Гэвч өнөөдрийг хүртэл АН-ынхан шинэ даргаараа хэнийг томилохоо тохиролцож чадаагүй байгаа бололтой. Энэ нь ойрын үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй АН-ын лидерүүдийн том том ярилцлагаас харагдаж буй. Нөлөө бүхий гишүүд, фракц болгон мэдэгдэл хийж байгаа нь АН-ын даргаар хэн сонгогдох бол гэсэн хүлээлтийг улам ч дэвэргэж байж болох. 

Өнгөрөгч долоодугаар сарын 18-нд болсон ҮЗХ-ны үеэр Э.Бат-Үүл, Д.Эрдэнэбат, Б.Батхүү нар намын даргын сунгаанд яригдаж байсан. Харин Монголын Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асанП.Цагаан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр дээрх горилогчдын тоог нэгээр нэмэв.

Тэрбээр “Эгзэгтэй цаг үед миний бие АН-ын шинэчлэлд өөрийгөө зориулах болсноо дуулгаж байна. АН-аа нэг том фракц болгох ажилд өөрийн хуримтлуулсан туршлагаа зориулна” хэмээн намын даргын сунгаанд оролцох болсноо ил тод мэдэгдсэн билээ. 

Ерөнхийлөгчтэй зөвшилцөн дээрх шийдвэрийг гаргасан гэх П.Цагааны мэдэгдлийн дарааЕрөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэгийн ярилцлага мөн л олны анхаарлыг татсан. Магадгүй түүний ярилцлага Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлж байгаа ч юм билүү.  

Тэрбээр "Э.Бат-Үүл дарга, Л.Эрхэмбаяр генсек хоёр орон нутгийн сонгуулийн өмнө ажлаа өгөх ёстой" хэмээсэн байв. Хэдийгээр Э.Бат-Үүл, Л.Эрхэмбаяр хоёрыг нэр заасан боловч уг ярилцлагаар АН-ын нөлөө бүхийн гишүүд болох Х.Баттулга, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, З.Энхболд нарыг бүгдийг нь үгүйсгэсэн байв. Энэ нь магадгүй АН-д шинэ, залуу дарга хэрэгтэй гэсэн Ерөнхийлөгчийн нисгэсэн мессэж байхыг үгүйсгэх аргагүй юм.  

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "Үндэсний шуудан" сонины есдүгээр сарын 14-ний дугаарт өгсөн ярилцлагаас өнөөг хэр гомдол нь тайлагдаагүй яваа нь ажиглагдсан. Түүний “Намаа сэхээнд ортол нурааж, тамласан хүн одоо эмчийн дүрээр аварна гэдэг юу л бол” гэсэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан үг бололтой. 

Хэдийгээр Ерөнхий сайд асан намын даргад өрсөлдөнө гэж ил цагаан хэлээгүй ч түүний толгойлдог "Алтангадас" фракц намдаа одоо ч нөлөөтэй байгааг мартах учиргүй. 

Энэ бүхнээс Ерөнхийлөгч болон лидерүүд гэсэн хоёр том фракцын хооронд үл ойлголцол байгааг төвөггүй харж болох мэт.  

Намын даргад яригдаж эрхмүүд дунд УИХ-ын цөөнгүй гишүүн бий. Ж.Батзандан, Я.Санжмятавнар намдаа суудал авчирсан гавьяатан мөнөөс мөн. Гэвч тэдэнд намын даргад өрсөлдөх нөлөөлөл, хүрээлэл бий билүү. Харин тэдний хажууд УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат байж болох хувилбар.    

Ерөнхийлөгч болон лидерүүд гэсэн хоёр том фракцын хооронд үл ойлголцол байгааг төвөггүй харж болох мэт.

 

 

 

АН-аас УИХ-д суусан гишүүд дундаа Лу.Болд гишүүн нөлөөтэй байх магадлалтай. Учир нь тэр МоАН санаачилга гэгчийг эхлүүлэн нам дотроо нөлөө бүхий фракц болох ажлыг удирдаж буй. Тиймээс ч олны дэмжлэгтэйгээр гараад ирэхийг үгүйсгэх аргагүй юм. МоАН санаачилгад өмнөх дөрвөн жилд албан тушаалын бялуунаас хүртэж чадаагүй гомдогсод харьяалагддаг гэдэг.

Лу.Болдоос гадна өнгөрсөн дөрвөн жилд АН-ын нэрийг сайнаар гаргаж явсан ганц хүн болох Э.Бат-Үүл даргын суудалд тухлах магадлал тун өндөртэй яваа. Энэ ч утгаараа намын даргад өрсөлдөх нь зүйн хэрэг биз. Гэвч С.Зоригийн аллагын хэрэгт түүнийг холбогдуулан шалгах болсон дуулиан газар авсаар. Энэ талаар Э.Бат-Үүл хэвлэлийн хурлынхаа үеэр “Сонгуультай холбогдуулж л намайг гүтгэн гүжирддэг. Одоо Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан намайг гүтгэх ажлаа эхлүүллээ" гэж байсан. 

Энэ мэтээр АН-ын фракц болгон өөрсдийн хүнээ намын даргын суудлын төлөө өрсөлдүүлж байна.  

Уг нь дарга гэж ярихаасаа илүүтэй намын дүрэм, журмаа шинэчлэх нь асуудлыг шийдэх хамгийн чухал гарц гэдгийг АН-ын лидерүүд ярьдагч ажил хэрэг болсон нь үгүй

Харин одоо ҮЗХ-ны хуралдаан товлогдсон хугацаандаа болбол  АН дотроо хэрхэн тохиролцож, хэнийгээ даргаараа сонгохыг харах л үлдээ. 

Гэхдээ үүнээс ч чухал зүйлийг нийгэм хүлээж байгаа. Тэр юу вэ гэвэл дарга, дүрэм журам өөрчлөгдсөнөөр Ардчилсан намын үнэт зүйл эргэж сэргэх үү гэдгийг нийгэм хүлээж байна.