богино мэдээ New

“Жи Мобайл” иргэдийг луйвардаж байна

1000 минутаас илүү дуудлага хийвэл гэрээг цуцлах буюу торгууль, нэмэлт төлбөр авахыг санаархаж байна. .

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэдэг байгуулага “өнөө муу” Магнайгийн үед овоо дуугараад байдаг байж билээ. Гэтэл одоо “таг” шүү. Үндэсний үүрэн холбоо гээд л манийгаа мөн ч их молигодсон “Жи Мобайл” корпораци ил цагаан луйвар хийж эхэллээ.

Тус компани бүх сүлжээнд дуудлага хийх, мессеж бичихэд хязгааргүй боллоо гэсэн реклам цацаж асар олон хэрэглэгчдийг хэдхэн сарын дотор татаж чадсан. Бусдаасаа бизнесийн хувьд давуу байдал олж авсан тус компани гэрээний үүргээсээ булзаж, үйлчилгээний нөхцөлөө өөрчлөх тулган шаардалтыг эхлүүлээд байна. 98103636 гэсэн дугаараас Жи мобайлын хязгааргүй эрх нээлгэсэн бүх хэрэглэгч рүү ярьж “Хэт их хэрэглэж байгаа” учраас гэрээгээ ирж шинэчил гэж дүрэмдэв. Ингэхдээ 9-р сарын 15-нд амжуулахыг тулгаж байна. Асуудлыг судалж үзвэл Жи мобайлын зүгээс хязгааргүй гэсэн гэрээний нөхцөлөө дур мэдэн өөрчилж байгаа аж. Хэрвээ сүлжээндээ өдөрт 200-аас дээш мессеж бичвэл, бусад сүлжээнд сард 500-аас илүү мессеж бичвэл, бусад сүлжээнд сард 1000 минутаас илүү дуудлага хийвэл гэрээг цуцлах буюу торгууль, нэмэлт төлбөр авахыг санаархаж байна. Жи мобайлыг хязгааргүй хэрэглээтэй багц гаргаад өгөөч гэж иргэд гуйгаагүй. Бас иргэд энэхүү компанитай хүчээр гэрээ байгуулаагүй. Өөрсдөө реклам цацаж, иргэдэд гэрээний нөхцлөө санал болгож хэрэглэгч болгосон. Одоо эргээд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байна.

Тиймээс иргэд нэгэнт байгуулсан гэрээгээ цуцлах, эсвэл өөрчлөх үүрэггүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг л Жи Мобайлаас шаардах эрхтэй. Даахгүй нохой булуу хураана гэж үг бий. Хэрвээ гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байсан л юм бол судалгаагүй үйлчилгээ зах зээлд гаргаж, олон хүний хөрөнгө, цаг, нервээр тоглож болохгүй. Үүний цаана иргэд мөнгө, сэтгэл санаа, ажлын цагаараа хохирч байна. Үүнийг хуулийн хэллэгээр “гэрээний аргаар залилах” гэж үздэг ч тал бий. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт “Жи Мобайл” компанийн талаар өргөдөл гомдол ихээр очиж байгаа юм байна. Жи мобайлд луйвардуулж, гэрээгээ өөрчлөх тулган шаардалт авч буй иргэд “Жи Мобайл” руу биш, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар руу очих буюу ярихыг зөвлөж байна. “Жи Мобайл” компанийн улаан цайм луйврыг зогсоох, иргэдийн эрх ашгийг хамгаалах албан тушаалтан, албан байгууллага гэж байна уу?

 

 Д.Зоригт 

Breakingnews.mn