Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг дахин хууль бусаар татлаа” хэмээн мэдэгдэл хийлээ.
Мэдээллийн эхэнд тэрбээр “Намайг шалгах ёстой бол шалгаж болно. Би түүнд нь хэзээ ч саад болохгүй. Дуудсан цагт нь очиж, мэдүүлэг өгнө. Хууль зөрчөөд хийж байна гэдэг чинь хэлмэгдүүлэх зорилготой байна гэсэн үг. Өнөөдөр өгч байгаа мэдээллийг тасалдуулах вий гэдэг үүднээс би зориуд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэж та бүхэнд зар хүргэсэн юм" гэлээ.
Түүнчлэн “Намайг яллагдагчаар татах гэж оролдож буй. Байцааж байгаа мөрдөн байцаагчид "Наад хүнээ хорь" гэсэн дарамт дээрээс нь үзүүлсэн. Мөн сонгуулийн дараа намайг С.Зоригийг алсан биш алж байхад нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл гаргах болсон. Үүнийг шалгуулахаар прокурорт хандсан боловч шалгаж өгөөгүй юм. Өнгөрсөн баасан гаригт хурууны хээ, цусны шинжилгээ авсан. Хэрэг гарснаас хойш анх удаа, яллагдагчаар татсаныхаа дараа нотлох баримт хайж байгаа нь хачирхалтай” гэдгийг тэрбээр ийн хэлэв.
Мөн Э.Бат-Үүл энэ хэргийг илрээсэй гэдгийг маш их хүсч, хэрэгтэн олдоосой гэж өдөр бүр залбирдгаа ч дуулгасан. Учир нь өөрийгөө хамгийн их хохирч, хэлмэгдэж буй хүн хэмээн үзэж байгаа аж. Бас хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байгаагаа онцоллоо.