"Өглөөний сонин" есдүгээр сарын 06-ны өдрийн дугаартаа Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн газар болон барилгын асуудлыг хөндөж, олны хүртээл болгосон билээ.
Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 24/05 дугаар бүхий тогтоолтой Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 32 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн байрлаж байсан барилгыг нээлттэй дуудлага худалдаа зарлан хувьчлах шийдвэр гаргасан аж. Энэ дагуу тус эмнэлгийн газрыг нийслэлийн хуучин удирдлагууд өнгөрсөн онд гурван удаа дуудлага худалдаанд оруулсны эцэст 2015 оны арванхоёрдугаар сарын 04-ны өдөр иргэн З.Пүрэв-Очирт дөрвөн тэрбум гурван зуун хорин сая төгрөгөөр зарж борлуулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр өмчлөгч болохыг нь тогтоож, Өмчлөх эрхийг гэрчилгээг нь гардуулан өгчээ. Гэхдээ нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга асан Д.Баттулга нар яагаад улсдаа цор ганц гэгддэг тус эмнэлгийг хувьчлах болов гэдэг нь хэн хүний анхаарлыг татаж байна. Түүнчлэн тус эмнэлэг одоогоор хаана газар авч, хэзээ эмнэлэг баригдах эсэх нь ч тодорхойгүй байна.
ЯАГААД ЭМНЭЛГИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХУВЬЧЛАХ БОЛОВ
Уг нь нийслэлийн өмчид бүртгэлтэй олон барилга байгууламж бий. Гэтэл яагаад заавал эмнэлгийн барилгыг дөрвөн тэрбум гурван зуун хорин сая төгрөгөөр худалдах болов гэдэг нь асуулт болон үлдчихээд байна. Бид өмнөх дугаартаа ч мэдээлж байсан. Дээрх эмнэлгийн газартай яг адилхан хотын “А” бүсэд байрлалтай “Нийслэл таймс” сонины байрыг 24 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаанд оруулж, зарж борлуулсан хэрнээ энэ газар яагаад дөрөвхөн тэрбумын үнэд хүрэв гэдэг нь гайхашрал төрүүлж буй юм. Түүнчлэн тухайн үед нийслэлийг толгойлж байсан дарга нар дээрх эмнэлгийн 1120 м2 талбай бүхий хоёр давхар барилгыг УИХ-ын сонгуулиас зургаахан сарын өмнө хувийн өмчлөлд яаран сандран шилжүүлсэн нь олны сонирхлыг татаж байна. Гэтэл эмч эмнэлгийн удирдлагууд өөрсдийнх нь барилга байгууламжийг дөрвөн тэрбум гурван зуун хорин сая төгрөгөөр зарсныг ч мэдэлгүй “Манай барилгыг хотын хуучин удирдлагууд хоёр тэрбум төгрөгөөр зарж, хувь хүнд шилжүүлсэн учраас одоо та бүхэнтэй тооцоо дууссан гэх үгийг хэлж байсан” хэмээн бидэнд ярьж байсан юм.
Тэгэхээр тэд дуудлага худалдаа хэзээ явагдсан, хэн гэдэг хүн худалдаж авсан, Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоол шийдвэрүүд яаж гарсан зэргийг огт мэдээгүй гэсэн үг. Тиймээс л эмнэлгийнх нь барилгыг хэн гэж иргэн хэдэн төгрөгөөр авч эзэмшилдээ оруулсныг нь ч мэдэлгүй “Яг ямар хүн авсан, юуны зориулалтаар барилга байгууламж барих гэж байгаа тухай мэдээлэл бидэнд алга байна” гэх үгийг хэлж байх вэ дээ.
Тэгвэл 1971 онд төрсөн Монгол Улсын иргэн З.Пүрэв-Очир гэх залуу уг барилгын суурин дээр конторын зориулалтаар барилга байгууламж барихаар зэхэж буй юм билээ. Товчхондоо бол энэ бүх үйл явдал нь “чоно борооноор Чойноров сиймхийгээр” гэгчээр улстөрчдийн оролцохгүй зүйл, хүрэхгүй газар гэж Монголд алга байгааг дээрх эмнэлгийн хувь заяа бэлхнээ харуулж байна. Ямартай ч нийслэлийн хуучин удирдлагуудын “буянаар” өдгөө Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн эмч ажилчид өндөр түрээс төлөн зориулалтын бус газарт эмчилгээ үйлчилгээгээ ард иргэддээ чадах чинээгээрээ үзүүлсээр байна. Өнөөгийн төр засгийн удирдлагууд хоногийнхоо нойрыг хугаслан байж тус эмнэлэгт үзүүлэхээр үүрээс эхлэн дугаарлан зогсож буй иргэдтэйгээ нэг уулзаад үзвэл байдал ямархуу байгааг ойлгох биз. Иргэд тус эмнэлэгт үзүүлэхийн тулд гурван сарын өмнөөс дугаар авч байж өвчнөөсөө дутуу хагас салж байна.
Цагийн сайханд өөрсдийн гэсэн барилга байгууламжтай байхад өвчтөнүүд юун гурван сарын дараа эмчдээ үзүүлэх нь битгий хэл, дугаарласан өдрөө л эмчилгээ, үйлчилгээгээ авчихдаг байсан хэмээн эмч нар хэлж байв. Тэгэхээр хэдхэн төгрөгийн төлөө ард иргэдийнхээ өвчин зовлонг умартаж, УИХ-ын сонгууль болохоос зургаахан сарын өмнө иргэн З.Пүрэв-Очирт тус барилга байгууламжийг дуудлага худалдаа нэртэйгээр дөрвөн тэрбум гаруйхан төгрөгөөр зарсан нь ихэд но-той гэж хэлж болохоор байна.
Яг үнэндээ тус дуудлага худалдаанд 10 хүн оролцсон хэмээн албан бичигтээ дурдсан байдаг ч дуудлага худалдааны анхны үнэ хэдэн төгрөгөөс эхэлж, ийнхүү дөрвөн тэрбум гаруй төгрөгт хүрээд зогсов гэдэг нь асуултын тэмдэг хэвээр үлджээ.
ДУУДЛАГА ХУДАЛДАА ҮНЭХЭЭР БОЛСОН БОЛ ХЭДЭН ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРЭХ БАЙСАН БОЛ...
Бид энэ эмнэлгийн газрын асуудлаар дуудлага худалдаа явагдсан эсэхийг Нийслэлийн Өмч, газрын харилцааны зарим нэг ажилтнаас асууж тодруулахад “Дуудлага худалдаа явагдана гэж л сонсож байсан. Яг хэзээ явагдсан, хэдэн хүн оролцсон, хэчнээн төгрөгөөс эхэлж дуудлага худалдаа эхэлсэн тухай болон худалдаж авсан иргэнийг нь ч мэдэхгүй байна” гэж хэлж байв.
Уншигчид санаж буй бол хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулахад Капитрон банк, Таван богд, Bluemon ХХК, иргэн В.Энхбаатар, Б.Батнягт, З.Пүрэв-Очир, Б.Отгонжаргал, Р.Мандах, Абдул Карим, Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг гээд хүмүүс оролцож, барилгын доод үнэ долоон тэрбумаас эхэлж, 24 тэрбум төгрөгт хүрч байсан шүү дээ. Түухайн үед Ч.Ганхуяг захирал “Нийслэл таймс” сонины газрыг хувьчлагдахаас өмнө нийгмийн сүлжээгээр хөрөнгө босгож,дуудлага худалдаанд оролцож байсныг ч санаж буй биз ээ. Тэрбээр “Дараагийн дуудлага худалдаанд илүү шинжлэх ухааны үндэслэлтэй орно” гэх үгийг манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан.
Тэгвэл албан бичигт дурдагдсанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 04-нд эмнэлгийн газар дуудлага худалдаа явагдсан бол дээр нэр нь дурдагдсан хувийн мөнгөтэй компаниуд дөрөв биш хэдэн тэрбумаар худалдан авах нь ойлгомжтой байсан биз ээ.
Энэ бүхнийг нуршсаны учир нь эмнэлгийн газрын дуудлага худалдаа явагдахад яагаад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худалдаж авсан эзэн болон оролцогчдынх нь нэр ус олон нийтэд мэдээлэгдээгүй вэ гэдэг нь хачирхалтай. Хэдийгээр энэ талаарх мэдээлэл олон нийтэд ил болоогүй ч гэлээ үгүй ядаж эмнэлгийн удирдлагуудад нь урьдчилан мэдэгдэх ёстой баймаар.
Ямартай ч төрийн гэх тодотголтой өмч хувьчлах ажлуудыг иймэрхүү хуудуутай хийжээ гэсэн хардлага төрж буйг нуух юун. Бид дараагийн дугаартаа эмнэлгийн захирал Л.Хэнтийтэй хийсэн ярилцлага болон иргэн З.Пүрэв-Очир гэж хэн бэ гэдэг тухай мэдээллийг хүргэх болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН