Сэтгүүлч Г.Намуун
НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор иргэдийн баримтаа бүртгүүлэх идэвхийг нэмэгдүүлэх үүднээс азтан тодруулж байгаа ч олон нийтийн зүгээс энэхүү үйл ажиллагаанд сэтгэл дундуур байх болов. Тухайлбал, нэг хүн олон удаа азтан болсон тохиолдлыг шалгахад “Мэдээллийн технологийн төвийн ажилтан байсан асуудлыг шалгаж буй гэнэ. Түүнчлэн НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт зогсох уу гэх асуулт ч үүсээд байгаа юм. Энэ мэт цаг үеийн асуудлаар “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Р.Отгонтулгатай ярилцлаа.
-Шинээр батлагдсан НӨАТ-ын хуулиар иргэд худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлснийхээ төлөө 2 хувийн буцаан олголтыг авах ёстой. Харин өнөөдөр Засгийн газар ямар бодлого баримталж байна вэ. Буцаан олголт олдохоо болих вий, зогсоочих вий гэсэн эргэлзээ, болгоомжлол нийгэмд үүсээд байна?
-НӨАТ-ын тухай хуулийн үндсэн филисофи нь далд эдийн засгийг ил болгох, татварын тогтолцоог боловсронгуй болгож, бүртгэлжүүлэх. Ийм болоход нэг зүйл дутаад байсан нь иргэдийг татан оролцуулах. Энэ филисофи 1998 онд батлагдсан хуульд орж ирсэн. Өөрөөр хэлбэл таны худалдаж авч буй бүх бараа таваарт нэмэгдсэн өртөг шингэсэн. Хилээр орж ирэхэд нь НӨАТ аваад аж ахуй нэгжээс нь суутгаад тайланд нь тусгадаг схем явж байтал “зараагүй” мэтээр тайлан мэдүүлээд байсан. Энэ нь иргэний төлсөн 10 хувийн татвар улсдаа орохгүй байх нөхцөл болсон. Үүнийг засах гэж 2 хувийг буцаан олгоё, сугалаанд оролцуулъя, идэвхитэй байлгая, иргэд өөрсдөө хяналт тавьдаг болгох зорилгоор энэ систем хийгдсэн. Систем хэрэгжээд удаагүй ч зорилгоо биелүүлээд эхэлсэн. НӨАТ-ын төсөвт төвлөрүүлэх мөнгөний хэмжээ 120 тэрбум төгрөгөөр өссөн байна. Анхныхаа хүсч байсан зорилгодоо хүрээд эхэлчихсэн.
“Буцаан олголт төсөвт хүндрэл үүсгэхгүй”
-Төсөвт хүндрэл учруулах уу?
-Төсөвт хүндрэл үүсэхгүй гэж харж байгаа. Яагаад гэхээр 2 хувийн буцаан олголтод зарцуулах хөрөнгө харьцангуй бага. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч энэ схемийг задална гэдэг ойлголт байхгүй л дээ. Хоёрдугаарт энэ ажил аль нэг Засгийн газар, улстөрийн хүчнүүдийн санаачлага биш, нийгмийн шаардлагаар гарч ирсэн өөрчлөлт учраас урт хугацаанд үргэлжилнэ. Та төсөөлөөд үз. 705 мянган айл өрх баримтаа бүртгүүлээд явж байхад эдийн засаг хүнд байна гэх шалтгаанаар болиулах нь логикийн хувьд алдаатай. Дор хаяж 4-5 жил үргэлжилж байж үр өгөөжөө өгнө. Энэ схемийг явуулж байгаа зардал бол ердөө л 40 залуусын цалин. Зардал багатайгаар тодорхойлж чадахгүй байсан зүйлийнхээ гарцыг олоод явж байна. Дээрээс нь олон улсын туршлага байна. Португаль улс арилжааны 3 банк нь дампуурсан, эдийн засаг нь хямарчихсан, европын холбооноос зээлсэн өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрээд байх үедээ зоригтой алхам хийсэн. Төрийн албан хаагчдынхаа цалинг 50 хувиар буулгаад, хоёр гурван байртай иргэнээс татвар авах, татвараа шударга тогтоох портуна гэдэг систем хийсэн. Яг манай EBARIMT шиг. Энэ системээрээ дамжуулаад иргэддээ “Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд бүх баримтаа авцгаая” гэж Засгийн газар нь уриалсан. Энэ бол хамгийн бодитой үр дүнд хүрсэн жишээ. Мөн Чех, Словак гээд лотоны систем бий болгож, татвараа бүрэн гүйцэд авдаг үр дүнтэй туршлагууд бий. Манайх яг үүнийг л хийсэн шүү дээ. Манай улс бондын мөнгөө төлөх ёстой. Үүний тулд татварын системийнхээ бааз суурийг өргөтгөх, олон хүнийг татвар төлөгч болгох загвараа олохыг зорьж байгаа. Зарим нь татвар төлдөг, зарим нь төлдөггүй байхаар бизнесийн салбарт нь өрсөлдөх боломж хомсдож, ургаж хөгжиж чаддаггүй. Бидэнд бол ямар ч эргэлзээ байхгүй. Хийсэн ажил байна. Үүнийг нэг нам, Засгийн газар, Сайн хөтөлбөртэй жишиж болохгүй. Манай үйлдвэрийн газар бол таныг кассан дээр очиход сүлжээ таслахгүй, баримт нь алдаагүй хэвлэдэг байх, систем зөв явж байгаа эсэхийг хангаж ажилладаг. Харин эцсийн бодлогыг Сангийн яам, Засгийн газар гаргаж явна. 2017 онд 2 хувийг тооцоолон бодож иргэдэд олгох ёстой. Энэ ажлыг ямар нэгэн дараалалгүй, асуудалгүй зохион байгуулах том ажил хүлээгдэж байна. Үүний дараа иргэд 2 хувийн буцаан олголтод маш сайн итгэх болов уу. Иргэд өндөр идэвхитэй оролцож, далд эдийн засгийг ил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэг таамаглалыг бид гаргаад байна.
-НӨАТ-ын хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Иргэдийн хувьд худалдан авалт хийгээд баримтаа бүртгүүлэх, сугалаанд оролцох гээд наад захын дадал зуршилтай болсон нь харагдаж байна. Түрүүн та яриандаа улсын төсөвт төвлөрсөн мөнгө 120 тэрбумаар нэмэгдсэн гэж хэллээ. Ер нь хүссэн үр дүндээ хүрч чадсан уу?
-Төсөвт 120 тэрбум төгрөг нэмж тавиулсан. 96 хувийн биелэлттэй байгаа. Маш сайн биелэлт. Хураана гэснээ хурааж байгаа. Энэ систем маань урт хугацаандаа зөв ажиллаж чадвал бизнесийн салбар жигдэрч, хүртээмжтэй үйлчилгээнүүд бий болж, хар захын наймаа багасна. Жишээ нь та баримтгүй, баталгаагүй газраас бүтээгдэхүүн худалдаж аваад эрүүл мэндээрээ хохирох эрсдэл багасна. Ийм асуудал гарвал хохирлоо барагдуулах, нөхөн төлбөр авах зэрэг боломж цаашдаа бий болох юм.
-НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор сугалаа явуулах болон бусад зардалд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулаад байна вэ. Цаашдаа 2 хувийн буцаан олголт хийх мөнгө улсад байна уу, энэ мөнгө төсөвт багтсан уу гэдэг асуулт байна л даа?
-Зөвхөн сугалаа явуулахад 22 тэрбум төгрөг төлөвлөснөөс 2 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Үйл ажиллагааны зардал, программ хангамжийн зардал, цалин хөлсөнд бага хэмжээний зардал гарсан. Энэ бол өчүүхэн бага зардал. Том дүнгээрээ бол хагас жилийн байдлаар иргэд 10 орчим тэрбум төгрөгийг дансандаа авах боломжтой. Ингэж тооцохоор дараагийн хагас жилд нь дахиад 10 орчим тэрбум төгрөгийн зардал нэмэгдэх болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Тэгэхээр төсөвт дарамт болохгүйгээр шийдвэрлэж болох юм байна гэж харж байгаа.
“Журам дээр буруу зөрүү ойлголцсон зүйл бий”
- НӨАТ-ын сугалаатай холбоотой олон асуудал гарсан. Жишээ нь та олон удаа журмаа зөрчсөн мэдээлэл өгч байсан. НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхэд хугацаа хамаагүй гэж ярьсан. Гэтэл журамдаа тодорхой хугацаа заасан байсан. Иргэдийг төөрөгдүүлсэн зөрүүтэй мэдээлэл яагаад өгч байсан юм бэ?
- Хуулиндаа дагасан журмууд байхаар зааж, тухайн үед урамшуулал олгох журам баталж байсан. Энэ журмаар бол 2 хувийн буцаан олголт авах урамшуулалд хамрагдахын тулд 14 хоногийн дотор баримтаа бүртгүүлэхээр заасан. Одоо бол журам өөрчлөгдөөд та сугалаанд оролцохын тулд сугалаа болохоос 24 цагийн өмнө баримтаа заавал бүртгүүл, сугалаанаас хойш бүртгүүлвэл 2 хувийн буцаан олголтоо энэ жилдээ авах боломжтой гэж байгаа. Хоёр ялгаатай ойлголт. Системийн хувьд хэвлэгдээд гарчихсан баримтыг дуурайлгах боломжгүй. Уг нь иргэд маань хүссэн үедээ бүртгүүлэх боломжтой. Гэтэл араас нь хуурамчаар үйлдэх асуудал гарсан учраас журмаа өөрчилсөн. Уг нь энэ Тайвань улсад байдаг жишиг л дээ. Манайд л ийм асуудал гарсан. Анхандаа бид Тайванийн загвараар хүссэн үедээ баримтаа бүртгүүлж болно гээд хийгээд явж байсан. Сүүлд өөр заалтууд нэмээд буруу зөрүү ойлголцсон зүйл бий. Журамд өөрчлөлт орсноор иргэн сугалаанд хожсоноо мэдэхгүй хожигчийн тоо багассан талтай. Зөрүүтэй мэдээлэл ч гэж бас хэлж болохгүй байх.
“Нэг хүн 30 гаруй удаа азтан болсон, ингэж хожих нь нээлттэй”
- 1 төгрөгийн баримтаар олон удаа азтан болох, нэг хүн 30 гаруй удаа азтан болсон тохиолдол гарсан. Энэ нь сугалааны тохирол шударга эсэхэд эргэлзэх нөхцөл үүсгээд байна. Ийм байх боломжтой юу?
-Анх журмыг баталж байхад энэ асуудлыг ярьж байсан. Сугалаа өгөх босго бий болгоё гээд. Өөрөөр хэлбэл тэдэн төгрөгөөс дээш бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд сугалаанд оролцох эрхтэй гэх байдлаар ч юмуу. Гэхдээ өнөөдрийн байдлаар ямар нэгэн босго тавиагүй байгаа нь үнэн. Нэг төгрөгийн баримтаар азтан болсон хоёр, гурван тохиолдол гарсныг цагдаагийн байгууллагаар шалгуулаад асуудал шийдэгдсэн. Эхэндээ хүмүүс янз бүрийн арга бодож олоод асуудал гарсан. Бид тухай бүрт нь зохицуулалтуудыг нь хийчихсэн байгаа. Дараагийнх нь нэг хүн 30 гаруй удаа азтан болсон. Ингэж хожих тохиолдол нээлттэй л байгаа шүү дээ. Энэ тоон мэдээллийг бид Сангийн яам, Гааль, татварын байгууллагад тогтмол өгч, сугалаанд хожсон хүмүүсийн мэдээллийг гаргадаг. Гэхдээ манай байгууллага эцсийн шийдвэрийг гаргахгүй шүү дээ. Хууль, журмаараа процессийн асуудлуудаа шийдэх учиртай. Манайх бол технологи талаасаа голлох үүрэгтэй оролцдог. Хуулийнхаа талаас харвал хэн идэвхитэй байна, тэр хүн азтан болох боломж нь нэмэгдэнэ.
-Танай байгууллага ганцхан НӨАТ-ын сугалаа явуулах үүрэгтэй биш. Бүхэл бүтэн гааль, татварын системийг хариуцдаг. Гэтэл иргэд, аж ахуй нэгжүүдээс программ доголдож байна, тайлан балансаа хугацаанд нь өгч чадахгүй байна гэх гомдол мэдээлэл нэлээд ирж байсан?
-Таны хэлж байгаа зөв л дөө. Яг энэ чиглэлд интеграци, системийн нэгдэл бий болгохоор зорьж байна. Олон улсад байдаг загварыг л бид хийх гээд байгаа юм. Сангийн яамны хэмжээнд санхүү, мэдээллийн нэгдсэн том платформ хийхээр зорьж байгаа. Татварын 22, гаалийн 6 систем бий. Дээрээс нь ebarimt-ийн систем гээд 30 гаруй системийн асуудал яригдаж байгаа юм. Энэ систем бүр өөр өөрийн зориулалтаар 3000 гааль, татварын байцаагч нарт ашиглагддаг. Энэ системүүдийн уялдаа холбоог улам сайжруулах, эцсийн хэрэглэгч иргэдээс орж ирж байгаа мэдээлэлд тулгуурлаж, хил гаалиар орж буй мэдээлэлтэй тулгах, татварын мэдээлэлтэй тулгах, тайлангийн автомажуулалтыг боловсронгуй болгох чиглэлд олон талт ажлыг зэрэг хийж байна. Программын хэмжээний өөрчлөлтийг богино хугацаанд шууд хийчих боломжгүй. Урт хугацаанд хөгжүүлэлт хийж, нэлээн сайн туршиж байж гаргаж ирдэг. Системийн доголдол болон чанарын асуудал харьцангуй багассан гэж би хэлнэ. Энэ чиглэлээр өдөр бүр апатед хийдэг. Манай техник хангамжийг үндэсний дата төв хариуцдаг учраас физик нөхцлөөс хамаарсан доголдол үндсэндээ гардаггүй. Иргэдийн хэт ачааллаас үүдэлтэй доголдох асуудлыг бид өндөр түвшинд гаргаад явж байгаа.Жишээ нь гаалийн системийг Койка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа бол татварын системийг Азийн хөгжлийн банкнаас зөвлөх үйлчилгээний багтай хамтран томоохон хэмжээний платформ хийхээр нэлээд олон ажил хийхээр төлөвлөөд байна. Энэ ажлууд хийгдэхээр татвар, тайлантай холбоотой олон асуудал илүү ойлгомжтой болно.
-Гааль, татварын байгууллагын дэргэд Мэдээллийн технологийн төв улсын өмчит үйлдвэрийн газар тусад нь байгуулах хэрэгцээ шаардлага нь юу байсан юм. Өмнө нь байсан мэдээллийн төвийг яагаад татан буулгасан юм бэ?
-Энэ бол олон улсад байдаг практик. Технологи хөгжих тусам гар ажиллагаа багасч, илүү хялбар автомажсан болохын тулд мэргэжлийн байгууллага, институтэд нь өгдөг практик. Словак, Тайвань, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд санхүү мэдээллийн платорм хийчихсэн. Гааль, татварын байгууллагын дэргэд Мэдээллийн төвтэй байгаад юу хийж чадах вэ. Төрийн албан хаагчийн цалингаар программ хангамжийг хөгжүүлэх боломжгүй. Нөгөө талаас татварын байгууллага программ хөгжүүлдэг газар биш л дээ. Үндсэн чиг үүргээсээ хазайсан энэ ажлыг хажуудаа авч хийлгэж байсан нь алдаа. Тиймээс мэргэжлийн залуучуудаар нь хийлгэх нь зөв гэж үзээд тусад нь байгуулсан. Дотоодын маань залуучууд харьцангуй өндөр мэдлэг боловсролтой, гадныхнаас дутахгүй болсон. Манай гааль, татварын байгууллагын цалингийн систем учир дутагдалтай. Байцаагчийн цалингаар программ хөгжүүлнэ гэж байхгүй. Ерөөсөө л хөгжихгүй гэсэн үг л дээ. 22 тархай бутархай системийг нэгтгэснээр илүү мэргэжлийн хүмүүс ажиллуулах шаардлага тулгарч байгаа юм. Тэгээд л мэргэжлийн залуусаар хийлгэе гэдэг санал тавиад энэ ажлыг авсан.
-Та бүхний цалин төрийн албан хаагчдаас өндөр гэсэн үг үү?
-Мэдээж өндөр. Өндөр байснаараа дотоодынхоо системийн уялдааг хангаж ажиллана.
-Нууц биш бол таны цалин хэд вэ?
-Хоёр сая 100 мянган төгрөг. Ер нь манайхан бүтээж байгаа зүйл, өгч байгаа цалингийнхаа үнэлэмжийн харьцааг сайн гаргадаг болох ёстой. Үнэндээ энэ ажлыг Солонгосчуудаар хийлгэсэн бол хэн ч маргахгүйгээр, цалин хөлсний тухай асуулт асуухгүйгээр мөнгийг нь өгөөд явуулна. Гэтэл дотоодын залуучууд өөрсдөө хийхээр шүүмжлээд байдаг. Гадаадад олон жил суралцаад, өндөр боловсрол эзэмшээд ирсэн залуучуудаа их цалин авлаа гээд уурлаад байхаар сэтгэл дундуур байдаг. Хийсэн зүйлд нь тохирсон цалин хөлс, нийгмийн баталгаа бидэнд хэрэгтэй.
“Би Н.Алтанхуягтай садан төрлийн хамаагүй”
-Та Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдээллийн технологийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үеэс олон нийтэд ил гарсан. Энэ утгаараа таныг Н.Алтанхуягийн хүн гэх ойлголт байдаг?
-Нэгнээ харддаг, хар мэдээлэл дээр тулгуурлаж дүгнэлт хийдэг нь манай нийгмийн эмзэг сэдэв л дээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бол маш сайн мэдээллийн технологийг дэмжсэн хүн. Дэмжсэний үр дүнд Иргэдийн дуу хоолойг сонсдог 1111 төв, төрийн үйлчилгээний цахим машин, замын цагдаагийн бэлэн бус торгууль бий болсон.
-Таны эхнэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байсан, садан төрлийн холбоотой гэдэг мэдээлэл бий. Энэ мэт мэдээлэл таныг ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдуулаад байна?
-Манай эхнэр шадар сайд байх үед нь туслахаар нь ажиллаж байсан нь үнэн. Миний хувьд Харилцаа холбооны зохицуулах газар гээд дандаа технологийн чиглэлдээ ажиллаж ирсэн. Ашиг сонирхлын зөрчил, төрөл садангийн харилцаа байхгүй. Ер нь аливаа шинэчлэл өөрчлөлтийг хэн нэгэн манлайлагч залуу гарч ирээд хийдэггүй. Тэнд заавал нэг, хоёрдугаар хүний дэмжлэг хэрэгтэй болдог. Ерөнхийлөгч юмуу Засгийн газрын түвшинд ойлгуулж чадаж байж энэ ажил явдаг. Үнэндээ энэ хардлага, хүнийг буруу талаас нь харж дүгнэх байдал урам хугалдаг.
-Гэхдээ аливаа албан тушаалтныг хардах эрх нь олон нийтэд байгаа л даа?
-Хардаж болно, гэхдээ бодох хэрэгтэй л дээ. Би ганц Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ажиллаагүй. Дараагийн Засгийн газар байгуулагдахад Ч.Сайханбилэг Ерөнхий сайдтай ойр ажиллаж байж ажлаа үргэлжлүүлсэн.
-Дотоодынхоо залуусаар ажлаа хийлгэх нь сайн хэрэг мөн. Гэвч тантай холбоотой тендергүйгээр ажил авсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Энэ мэт асуудлаас болоод олон нийтэд их мөнгө эргэлддэг, ашиг сонирхол нуугдаж байна гэх хардлага төрдөг байх.
-Ямар их мөнгө?
-Жишээ нь “Ухаалаг автобус” төслийг “Слайд” компанид ямар ч тендергүй өгсөн асуудлыг тантай холбодог юм билээ. Саяхан манай сайтад нэгэн иргэнээс таны хадам ээжийг АТГ-аас таны ажилтай холбоотой асуудлаар шалгасан гэх мэдээлэл ирсэн. Энэ үнэн үү?
-Би энэ систем дээр ямар нэгэн булхайтай ажил хийхгүй гэж бодож байгаа. Авлигатай тэмцэх газарт шалгагдсан асуудал байхгүй.
-Ярилцсанд баярлалаа.