Монголын Улсын Гавъяат тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Пүрэвбаатартай ярилцлаа.
-“Рио-2016” наадмаас хойш Г.Мандахнарангийн барилдаан олны анхаарлын төвд байсаар ирлээ. Дасгалжуулагч, багш хүний хувьд энэ барилдааны үйл явцыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Бид тэр хүрэл медалийг авч чадсан. Барилдааныг маш олон хүн үзсэн, харсан. Тухайн үед хэн нь илүүрхэж барилдсаныг бүгд мэднэ. Хамгийн гол нь тэр өдөр Узбек, манайх хоёр чөлөөт бөхөөр медаль аваагүй байсан. Барилдаан эхлэхээс өмнө Узбек бөхийн тэргүүн Ризиев тэнд явж байсан гэсэн. Мөнгөтэй, баян эрх мэдэлтэй хүн энэ олимпоос хоосон буцахгүй гэсэн дээ бүх зүйлийг хийж байсан. Тэрийг Монголын чөлөөт бөхийн холбооны Нарийн бичгийн дарга гэсэн нэр зүүсэн хууль бус албан туушаалтай хүн мэдэж байсан. Өөрийнхээ твиттер хуудсаар “Узбекийг шүүгчтэй нь ялахгүй бол бид барахгүй” гэж хүртэл жиргэсэн. Тэгсэн хэрнээ ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ барилдааныг буруу шүүж луйвардаж манай медалийг авсан. Г.Мандахнаран гараа өргөөд өрсөлдөгч бөхөө тойроод гүйх үед Узбекийн бөх ямар ч мэх хийгээгүй. Тиймээс зугтсан зүйл биш. Хэрэв Узбекийн бөх мэх хийх үед Г.Мандахнаран тойрч, зугатсан бол шүгэлдэж зогсоогоод оноо өгвөл бид маргахгүй. Гэтэл хоёр бөх хоёулаа ямар ч мэх хийгээгүй цаг дууссан хойно торгуулийн оноо өгсөн. Г.Мандахнаран гараа өргөөд тойрсон нь хамгаалах тактик. Узбекийн бөх мэх хийгээгүй. Чөлөөт бөхийн дүрэм журамд ийм зүйл байхгүй.
-Тэгвэл манай тамирдчын барилдаанд луйвар орно гэдгийг МЧБХ-ны удирдлагууд мэдэж байсан гэсэн үг үү?
-Миний ойлгож байгаагаар Г.Мандахнаран луйвардуулна, Монгол Улс медаль авахгүй юм байна гэдгийг Д.Дагвадорж, О.Баянмөнх, шүүгч Төмөрбаатар нар эрт мэдсэн. Яагаад гэвэл, эрэгтэй тамирчдын дөнгөж хоёр нь барилдсаны дараа Д.Дагвадорж "Бүх юм зүйл дууслаа. 0-ээс нь эхлэх хэрэгтэй юм байна" гэж мэдэгдсэн. Гэтэл цаана нь дөрвийн дөрвөн сайхан залуу барилдах байсан шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Дээрээс нь баг тамирчдаа хаяад явчихсан. Рио-д очоод олимпийг үзэгчийн суудал дээрээс үзсэн. Ямар ч арга хэмжээ аваагүй. Чөлөөт бөхийн холбооны Нарийн бичиг О.Баянмөнхийн хэлсэн үг маш ноцтой гэж би бодож байна. Узбекстаны бөхийг шүүгчтэй нь ялна гэх маягийн юм ярьсан. Ингээд бодохоор тэд луйвар орно гэдгийг эрт мэдсэн байна. Үүнийг мэдсэн байж яагаад багш, дасгалжуулагчид нь ирээд, луйвар орно шүү гээд хэлчихэж болоогүй юм вэ. Монголын чөлөөт бөхийг төлөөлж байгаа энэ нөхдүүд Дэлхийн бөхийн холбоонд "Шүүлт чинь булхайтай болох юм байна шүү. Манай бөх дээр луйвар гарах юм байна" гэж урьдчилж хэлэх боломж байсан. Гэтэл тэд тэгээгүй.
-Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд мэдээлэл хийж, Г.Мандахнарангийн хоёр дасгалжуулагчийн багшлах эрхийг хассан. Энэ шийдвэр дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Хууль бус, тамга тэмдэг, хүний нэр төр ашиглан байж холбоо байгуулчихаад ямар үндэслэлээр манай дасгалжуулагчийн багшлах эрхийг хоёр жилээр хасч байгаа юм бэ. Би үүнийг үнэхээр гайхаж байна. Нөгөө талаасаа холбооны удирдлагууд хоёр багшийн эрхийг хассан нь тэдэн дээр тоглолт хийж байгаагийн нэг хэлбэр. Учир нь ард түмнээс уйчлалт гуйж хоёр багш хувцсаа тайлснаас болж Г.Мандахнаран ялагдсан, манай медалийг луйвардсан болж харагдуулж байгаа юм. Хэд хоногийн өмнө Олон улсын шүүгч Төмөрбаатар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Хэрвээ манай хоёр багш хувцсаа тайлаагүй байсан бол бид медаль авах байсан гэсэн” юм ярьсан байна. Үүнээс харахад манай медалийг луйвардсан нь үнэн болж таарч байгаа биз дээ. Манай хоёр багш хувцсаа тайлснаас болж Узбекийн тамирчинд медаль өгсөн юм бол манай Г.Мандахнаран ялсан нь тодорхой байгаа биз дээ.
-Дэлхийн бөхийн холбооноос манай тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан талаар захиа ирсэн гэсэн. Та тэр захиаг олж харсан уу?
-Энэ миний хувийн бодол, эрэгтэй шигшээ багийн багш, дасгалжуулагч нарыг яаж дарах уу гэсэн бодол холбооны удирдлагууд гэж нэрлээд байгаа эрхмүүдийн толгойд байна. Тэдэнд тамирчдыг хэрхэн дэмжих, амжилт гаргах эсэх нь сонин биш. Монголын чөлөөт бөхийг ашиглаж ашиг хонжоо олох хэрэгсэл болгож байна. Яагаад ингэж ярьж байна вэ гэвэл. Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд дотор Д.Сумъяабазар, Д.Дагвадорж, Д.Сэржбүдээ гээд ах, дүү гурав байдаг. Ахыгаа дагаад хоёр дүү нь ороод ирсэн. Тэд чөлөөт бөхийн талаар ямар ч мэдлэггүй. Тамирчид, хүүхдүүд бэлтгэл сургуулилт хийж байхад нэг ч удаа ирж байгаагүй. Тэгсэн хэрнээ маш их дарамт шахалт үзүүлдэг. Олон улсын бөхийн холбооноос маш нууц бичиг ирсэн гэж өөрсдөө яриад байгаа юм. Үнэхээр нууцын зэрэглэлтэй юм бол тэр хэвлэлийн хурал дээр монгол хэл рүү орчуулаад уншаад өгчихөөр ямар нууц бичиг болох билээ. Тэгсэн хэрнээ англи хувилбар нь маш нууц гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Ингэж олон нийтэд зарлаж, уншиж өгөх байсан юм бол нууцлах хэрэг байгаа юм уу. Бид англи хувилбарыг харъя гэхээр маш нууц гээд харуулахгүй байгаа. Үнэхээр Дэлхийн бөхийн холбооноос нууцын зэрэглэлтэй бичиг ирсэн бол бид харах ёстой, эрхтэй хүмүүс. Яагаад гэвэл бид багш, дасгалжуулагч нь.
-Дасгалжуулагч Ц.Цогтбаярыг УИХ-ын гишүүн А.Сүхбат “Миний өмнө дотоожоо тайл” хэмээн доромжилсон гэсэн. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Олимпийн наадмын өмнө холбоо бидэнд тусалсан гэж хэлэхдээ ичих хэрэгтэй. Ирж уулзаагүй, утсаар ч яриагүй. Олимпийн бэлтгэлд гарчихсан байхад "Олимп" баазад ирж уулзсан нэг ч хүн байгаагүй. Ахлах Цогоо Олимпийн тосгонд очоод, Холбооны ерөнхийлөгч гэсэн сэтэртэй Д.Дагвадоржтой мэндлэхэд муухай харчихаад л яваад өгсөн гэсэн. Үүнийг тамчирчид болон багш, дасгалжуулагч нар бүгд хэлнэ. Ц.Цогтбаяр багш хэвлэлийн хурлын үеэр “А.Сүхбат “Намайг чаддаг юм бол миний өмнө дотоожоо тайл” хэмээн доромжилсон гэж хэлж байсан. Энэ юу гэсэн үг вэ. Хэдэн, сар жилээр тамирчдыг бэлтгэл сургуулилт хийлгэж олимпид авч явсан хүнийг УИХ-ын гишүүн ингэж хэлж, доромжилж болох уу. Үнэхээр тэгж уурлаж, үзэн ядсан юм бол луйвар орно гэдгийг мэдэж байсан холбооны улирдлагууд гээд байгаа хүмүүст уурлаж, дураарай доромжлохгүй яасан юм бэ.
-Та бидэнд маш их дарам шахалт ирдэг гэж ярилаа. Энэ талаар тодруулаач?
-Манай чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг сүүлийн гурван жилийн дотор маш ахицтай амжилт гарсан ирсэн. Тухайлбал, 2013 онд ДАШТ-нээс нэг хүрэл, гурван шагналт байр хүртэж багаараа наймдугаар байрт орсон. 2014 онд дэлхийн шилдэг 8 баг оролцдог Дэлхийн цомын тэмцээнд багаараа тавдугаар байр, мөн оны ДАШТ-нээс хоёр медаль, хоёр шагналт байрт орж багийн амжилтаар зургадугаарт орсон. 2015 оны Дэлхийн цомд оролцоод зургадугаар байр, ДАШТ-нээс хоёр мөнгө, 1 хүрэл хүртэж олимпид оролцох 4 эрх авсан. Багийн амжилтаар дөрөвдүгээрт орсон. Ийм өндөр амжит гаргаад ирэхэд шүүх цагдаад дуудагдаж, шалгуулж байсан. Гэтэл эмэгтэй шигшээ баг, Төрийн ордонд орчихсон одон, медалиар шагнуулж байсан. Бидний гаргасан амжилтыг өөрсдөө гаргасан юм шиг ярьж ёстой л “Хүний агнасан гөрөөсийг идчихээд өөрийгөө гавъяат дасгалжуулагч гэж ярьж явдаг хүн ч тэдний дотор бий. Эрэгтэй шигшээ багийханд маш их дарамт шахалт ирдэг. Тэмцээн уралдаанд оролцоод амжилт тааруухан ирэхээр “Та нар муу сайн юмнууд юу ч чадахгүй, юугаа хийгээд байдаг юм” гэж зандарч бүдүүлэг, түрэмгий зан авир гаргадаг. Медаль, шагнал аваад ирэхээр өөрсдийгөө дөвийлгөж, бидний дардаг. Сүүлдээ биднийг амжилт гаргаад ирэхээр багш, дасгалжуулагчдын ажилд оролцож эхэлсэн. Энэ тамирчинг олон улсын тэмцээн уралдаанд оруул, тэрийг хас, энийг явуул, тэрийг гарга гэх мэтээр бидний ажилд хутгалдаж байна. Нэг өдөр хүүхдүүд бэлтгэл сургуулилт хийж байхад ирж байгаагүй мөртлөө тэмцээн уралдаанд оролцох болохоор өөрсдийн дураар хасч, оруулах үгүйг нь шийддэг. Юу хийсэн гэж тэд ийм зан гаргаж байгаа юм. Яг үнэндээ нэг удаа зааланд ирээд бэлтгэл сургуулилт хийж байхад яаж байна, юун болохгүй гэж асуусан хүн нэг ч байхгүй. Тийм байж ямар эрхтэй гэж биднийг дарамталж өөрсдийн дураар аашилж, багш нарийн эрхийг хасч байгаа юм вэ. Ер нь МЧБХ дасгалжуулагчдынхаа эрхийг хасах эрхгүй.
-Яагаад заавал эрэгтэй шигшээ багийн багш, тамирчдыг дарамталдаг гэж. Өмнө нь 2015 онд хэвлэлийн хурал зарлаж шуугиан тарьж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Тухайн үед яг юу болсон юм бэ.
-2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай гурван тамирчин орж чадаагүй. Яагаад гэвэл холбооны Нарийн бичиг визийн хуурамчаар үйлдсэн байсан. Түүнээс болж манай 3 тамирчин Дубайн хил дээр саатуулагдаж тэмцээндээ оролцож чадахгүй ирсэн. Хэрвээ хуурамч визээр хил давах гэж оролдсон гээд нөхцөл байдал буруугаар эргэвэл яах байсан юм бэ. Ер нь холбооны удирдлагууд гэж яриад байгаа хүмүүс хууль бусаар томилогдсон. Нэг үгээр хэлбэл албан тушаал наймаалцаж байсан. Үүнээс үүдэж бид тухайн үед хэвлэлийн хурал зарлаж байсан.
-Монголын чөлөөт бөхийн холбоо хэдэн онд анх үүсгэн байгуулагдаж байсан юм бэ. Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын хурал бас маргаан дагуулсаар ирсэн?
-2009 оны хурлаас хойш Монголын чөлөөт бөхийн холбоог үүсгэн байгуулсан гэж яриад байх юм. Энэ нь буруу. Монголын чөлөөт бөхийн холбоог анх 1994 онд улсын бүртгэл бүртгэж гэрчилгээ олгосон байдаг. 1997 онд түүнийг баталгаажуулж дахин гэрчилгээ олгосон. Ерөнхийдөө энэ холбоо улсын бүртгэлд байсаар ирсэн. Монголын чөлөөт бөхийн холбоо 2011 онд 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо болох FILA- гишүүнээр элсэж орсон. Одоо байгаа энэ Монголын чөлөөт бөхийн холбоо чинь хууль бус. Яагаад гэвэл 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Монголын чөлөөт бөхийн удирдах зөвлөлийн хурал болж анх удаа 21 аймгийн 180 гаруй төлөөлөл оролцсон. Тухайн үед хурал удирдах 9 гишүүны нэг нь би байсан. Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тэр хурлын протоколыг хуурамчаар дахиж үйлдсэн. Хүний гарын үсэг, тамга тэмдэгийг хуурамчаар үйлдсэн. Хүний нэр хүндэд халдсан ийм бусармаг үйлдэл гаргасан. Түүнийгээ албан ёсоор хуулийн үндэслэлтэй холбоо болсон гэж мэдэгдсэн. Энэ нь нэгдүгээр ард түмнийг, хоёрдугаарт монголын чөлөөт бөхийн үе үеийн тамирчид, багш дасгалжуулагч нарыг доромжилсон хэрэг болсон.
-Ямар тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн юм бэ?
-Монголын чөлөөт бөхийн холбоо 2011 онд тамгаа шинэчилж, сольсон. Гэтэл 2009 оны хуралын протокол дээр 2011 онд шинэчлэгдэж гарсан шинэ тамга дарсан. Ийм зүйл байж болох уу. Хоёр жилийн өмнө буюу 2009 онд болсон хурал дээр 2011 онд шинэчилсэн тамга дарах нь зөв үү. Хэн ч харсан болохгүй хуульбус биз дээ. Энэ нь өөрөө тамга тэмдэгийг хуурамчаар ашигласан гэмт хэрэг. 2009 оны хурлын даргаар Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх байсан. Гэтэл хурлын протокол хөтөлсөн Х.Баянмөнх гээд гарын үсгийн хуурамчаар зурсан байсан. Хурлын протокол хөтөлсөн хүн нь О.Баянмөнх. Би Дархан аварга Х.Баянмөнх гуайн шавь. Гарын үсгийг олон удаа харж, гадаад дотоодын тэмцээнд оролцохдоо диплом дээрээ зуруулж байсан хүн. Би мэднэ. Дархан аваргын гарын үсэг биш, О.Баянмөнх Нарийн бичгийн даргын гарын үсгийг таталж бичсэн хэлбэр юм байна лээ. 2009 онд болсон хурлын протоколд Ч.Дамдиншарав, Б.Гантогтох, Д.Ганбат нарын 3 хүнийг хуралд оролцож үг хэлсэн гэж тэмдэглэж тамга дарсан байсан. Гэтэл энэ гурван хүн огт хуралд оролцоогүй, өөрөөр хэлбэл тэр хуралд суугаагүй хүмүүс. Гэхмэтчилэн маш олон хуул бус зүйл хийж ирсэн. Тэгсэн хэрнээ Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд гэж өөрсдийгөө яриад байгаа.
-Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болохын тулд жилд 20 сая төгрөгийн хандив өгдөг гэж сонссон юм байна. Нийт хэчнээн хүн байдаг юм вэ?
-Холбооны Удирдах зөвлөлд 30 хүн байдаг. Ихэнх нь мэргэжлийн бус хүмүүс. Тийм болохоор манай багш, дасгалжуулагч нараас Удирдах зөвлөлд орно гэхээр жилд 20 сая төгрөгийг хандив өг гэдэг. Нэг өдөр “Би та нараас юугаараа дутдаг юм Удирдах зөвлөлд орно гэхэд тэгвэл хандив өг” гэсэн. Одоо Удирдах зөвлөлд байгаа гишүүд бүгд хандив өгөөгүй. Яагаад гэвэл тэд нийлж хуул бус үйлдэл хийж байгаа болохоор хандив өгсөн өгөөгүй тэнд байх ёстой хүмүүс. Хандив өгөөгүй гээд хасвал дотор нь болж байгаа булхайг нь илчлэх учраас өнөөдрийг хүртэл Удирдах зөвлөлд байгаа юм. Гэтэл гаднаас багш, дасгалжуулагч орж ирнэ гэхээр хандив нэхдэг. Бидэнд мөнгө байхгүй учраас тэнд орох боломж байхгүй. Угаасаа оруулахгүй гэсэн дээ 20 сая төгрөгийг хандив нэхэж байгаа юм. Спортоор далимдуулж ашиг хонжоо харж байгаа хүмүүст тамирчид нь амжилт гаргах, багш, дасгалжуулагчид үнэний төлөө тэмцэх эсэх нь чухал биш болж дээ.
-Холбооны удирдах зөвлөлийн хурал дээр Д.Дагвадорж аварга “Олимпийн медалийг хувиарлачихсан байдаг юм. Би тэдний халаасанд мөнгө хийж байж тэр медаль ирдэг” юм гэж ярьсан бичлэг цахим етөнцөд нэлээд шуугиан тарьсан. Энэ нь нэг талаасаа Дэлхийн олимпийн холбоо авлигалд идэгдсэн, нөгөө талаасаа багш, дасгалжуулагч, тамирчдын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна гэж олон нийт шүүмжилж байсан?
-Үнэхээр Д.Дагвадорж мөнгө өгөөд медалийн хувиарлалтад нөлөөлж байгаа бол багш, дасгалжуулагч, тамирчид хэдэн сараар нь гэр орноосоо хол, үр хүүхэд нь хэрхэн өсч торниж байгааг анхаарах сөхөөгүй бэлтгэл, сургуулилт хийх ямар хэрэг байна. Гэртээ хэвтэж байгаад мөнгөө өгөөд медаль авч болно шүү дээ. Монголын ард түмэн олон жил олимпийн алтан медаль хүсч байна. Үнэхээр нөлөөлж чаддаг юм бол аваад өгөхгүй яасан юм бэ. Энэ нь өөрийгөө авлигал авдаг, өгдөг гэдгээ илэрхийлж, олимпийн наадамд луйвар байгааг илтгэж байгаа юм. Нөгөө талаас шинэ залуу, өсөх ирээдүйтэй тамирчдад буруу үлгэр дурайлал болж байна. Тэдний хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгааг харуулж байна. Гэтэл 1990 оноос 2012 онд хүртэлх хугацаанд олимп болон тив дэлхийн тэмцээн уралдаанаас нийт 6 медаль авч байсан түүхтэй. Харин манай эрэгтэй шигшээ баг 2013-2015 онд 6 медаль авсан. Энэ бол том амжилт, монголын чөлөөт бөх эрчимтэй хөгжиж байгааг харуулж байгаа юм. Гэтэл түүнийг худалдаж авч өгсөн гэж ярьж байна.
-Үндэсний шигшээ багт хэчнээн тамирчин байдаг вэ. Бэлтгэл сургуулилтаа ямар төлөвлөгөөтэй хийдэг вэ?
-Монголын чөлөөт үндэсний шигшээ багт Л.Энхбаяр, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар 4 багш, дасгалжуулагч байдаг. Нийт 13 тамирчинтай. Бэлтгэл сургуулилт гэвэл өглөөний зарьяатк нэг цаг, өглөө, оройны бэлтгэлийг тус бүр хоёр, хоёр цаг өдөрт нийт 5 цагийн бэлтгэл хийх нормтой. Ямар тэмцээнд уралдаанд орох гэж байгаасаас шалгаалж, дасгалууд өөр өөр байна. Нэг өдрийн, 7 хоногийн, сар, улирлын, жилийн төлөвлөгөө гаргадаг. Цаашлаад олимпийн 4 жилийн цикл гэж гаргадаг.
-Улсаас тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтын зардал гэж жилд хэдэн төгрөг төсөвлөдөг вэ?
-Өнгөрсөн жил 300 сая төгрөг төсөвлөсөн. Олимптой жил жаахан их байдаг. Энэ жилийн хувьд 600 гаруй сая төгрөг гарсан.
-Ярилцсанд баярлалаа.