www.shuud.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Нарантуул зах болон нийслэлийн зарим дүүрэгт гарч байгаа “Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа”-гаар орж, танилцлаа.
Нийслэлийн замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулах, иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс нийслэлийн төвийн 6 дүүргийн 33 байршилд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны өргөтгөсөн худалдааг гарч байгаа юм. Зөвхөн Нарантуул захад л гэхэд энэ төрлийн худалдааны 140 цэг ажиллаж байна. Засаг дарга эхлээд сурагчийн дүрэмт хувцасны худалдаагаар орж, дүрэмт хувцасны үйлдвэрлэл, чанар, үнэ, худалдан авалтын талаар сонирхлоо.Үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэр, материалын чанараасаа шалтгаалаад 81300-123700 төгрөгийн үнэтэй байна. Засаг дарга хэд хэдэн загварыг үзээд материалын чанар, загварын хувьд дээшилсэн байна. Харин үнэ өссөн эсэх, иргэдийн худалдан авах чадвар хэр байгааг сонирхоход “Хүмүүсийн худалдан авах чадвар тааруухан, үнийн хувьд ноднингийн үнээрээ байгаа” хэмээн худалдаа эрхлэгчид тайлбарлаж байлаа. Дараа нь хичээлийн хэрэгслийн худалдаагаар орж сонирхлоо. Тэрээр 25 000 төгрөгийн үнэтэй “Spiderman”-ны зурагтай сурагчийн цүнх худалдан авсан юм. Жижиглэн худалдаа эрхлэгчид хүмүүсийн худалдан авах чадвар муу, хүн цөөтөй байна гэж байсан бол бөөний худалдаа эрхлэгчид худалдан авалт нэмэгдсэн тухай хэлж байв. Засаг даргадаа хандаж хэлэх үг байна уу гэсэн асуултад “Ажлаа үргэлжлүүлэн сайн хийгээрэй. Бид сайхан хотод сайхан амьдрахыг хүсч байна” гэж хариулж байлаа.
Хичээлийн жилийн өргөтгөсөн худалдаа Баянгол дүүрэгт “Арк” зочид буудал, “Тод өнгө” ХХК, Номин их дэлгүүр, Номин супемаркет, Байгаль-Эн цогцолбор, Оргил худалдааны төвд, Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбай, “Хоум плака-2”, Яармагийн худалдааны төв, Оргил төв, Номин хайпермаркет, дүүргийн Соёлын төвийн гадна талбай, Сүхбаатар дүүрэгт Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай, Улаанбаатар их дэлгүүр, Метромолл, Аса цирк, Сарны титэм, Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн үйлдвэрийн урд талбай, 16-р хорооны үйлчилгээний төв, Номин, Макс, Миний сүлжээ дэлгүүр, Баянзүрх дүүрэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна талбай, Дүнжингарав, Тэнгэр бөөний төв, E-mart, Амгалангийн Оргил худалдааны төв, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Улсын их дэлгүүр, Алтай төв, Peace mall МТОТ ХХК-ийн гадна талбайд гарч байгаа бөгөөд 9-р сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.