богино мэдээ New

З.Энхболд, Н.Алтанхуягийг "боох мэх"-нд оруулжээ

Ямартай ч тэдний бие биенийгээ цоорхой шүдэндээ зуух улайрсан бухын хөшилдөөн бий болов уу гэлтэй дүр зураг харагдаж эхлэв..
2015.10.13
сэтгүүлч Н.Урантогос
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлжээ. Учир нь өнгөрсөн Хаврын чуулганаар түүний өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж зургаадугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьжээ. Улмаар УИХ дахь намын бүлгүүд, Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэн дэмжигдсэн байна.
 
Гэвч дэмжигдсэн энэхүү хуулийн төсөл хэлэлцсэний маргааш нь буюу зургаадугаар сарын 17-ны өдөр Авлигатай тэмцэх газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг хүргүүлжээ. Тэр өдрөө зөвлөлийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад албан бичиг хүргүүлж Н.Алтанхуяг гишүүний санаачилсан хуулиудыг УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад явж байсныг зогсоосон байдаг. Тэрбээр гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд "Энэхүү хууль бус үйлдлээ зогсоох"-ыг УИХ-ын дарга З.Энхболдоос шаардсан боловч өнөөдрийг хүртэл ажраагүй аж.
 
Олны дунд Ардчилсан намын даргын асуудал яригдсан, Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах үед "З.Энхболд, Х.Баттулга тэргүүтэй хүмүүс Н.Алтанхуягийг боох мэхэнд оруулж эхэллээ. Энэ ч нам доторх том хагарлыг бий болгоно" гэлцэжгээж байсан нь үнэний ортой болов. Чухамдаа дөрөө нийлүүлэн нэгэн намд зүтгэсэн үеийн нөхдүүд юунд нэгнээ ийн гоочилно вэ. Эсвэл Н.Алтанхуяг төрд, З.Энхболдод хийсэн гайтай хүн юм уу. Ямартай ч тэдний бие биенийгээ цоорхой шүдэндээ зуух улайрсан бухын хөшилдөөн бий болов уу гэлтэй дүр зураг харагдаж эхлэв.