богино мэдээ New

“Архичидтайгаа тэмцэж чадахгүй байж биднийг л хөөх юм”

Хашааны гадна ил худалдаа эрхлэгчдийн 70 орчим хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байна.

-Хашааны гадна ил худалдаа эрхлэгчдийн 70 орчим хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байна-

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг /www.tugeene.mn/

      Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн “Хархорин” худалдааны төвийн хашааны гадуур гар дээрээс бараа зардаг худалдаачид ихэсч, цагдаа нар хөөж байна мөн эрүүл мэндийн шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа” гэсэн мэдээлэл манай сайтад ирсэн юм. Энэхүү мэдээллийн дагуу бид дараахь тодруулга, сурвалжилгыг хийлээ.

Тус захын хашааны гадна цөөн тооны иргэд өмнөх жилүүдэд худалдаа эрхэлдэг байсан ч одоо 100 гаруй хүн хүнс, хувцас зэрэг бараа худалдаалах болжээ. Төв замын хоёр талаар бас захын хашааны дагуу газарт даавуу дэвсэн гутал, бэлэн хувцас, өмд, зарим нэг нь хүнсний уутаар савласан жимс хүртэл худалдаалж харагдана. Олон хөлийн замд болохоор ч тэр юм уу гудамжаар алхлах хүмүүс тэдний барааны үнэ асуухгүй юм аа гэхэд “өөрт хэрэгтэй юм байна уу” гэх аягаар бараа сонирхон өнгөрцгөөнө.

Түүнчлэн самар аваарай гэсэн дуу ч энд тэнд гарна. Мөн энд олны хэлдгээр “өвгөнтийн хөндийнхөн” буюу сархад нэлээд хүртэгсэд ч олноороо үзэгдэнэ.

Нэг зүйл анхаарал татсан нь худалдаалагчдын 70 хувь нь өрх толгойлсон эхчүүд аж. Энэ ээжүүд бүгдээрээ 2-4 хүүхэдтэй.

 Цагдаа нар тэднийг хөөж, торгох боловч худалдаалагчид цагдаа нарыг явсных нь дараа эргэн ирж оройн 10 цаг хүртэл зогсдог. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан есдүгээр сарын 1-ийг хүртэл худалдаачдыг хөөхгүй байхаар болжээ.

Энд зогсож байгаа иргэд ажилд орох гэж, хувиараа бизнес эрхлэх гэж хөөцөлддөг ч тохирох ажил олдохгүй, зээл авч чадахгүйн улмаас амьдралаа авч явахын тулд ийнхүү Хар хорин захыг түшиглэн бараа худалдаалдаг байна. Худалдаалагчдын  ярьж буйгаар сонгуулийн дараагаас энд худалдаа наймаа хийдэг иргэд ихэсчээ.

н.Буянжаргал: Ээжийнхээ үүргээ сайн биелүүлэх гэж л энд эрүүл мэндээрээ хохирон зогсож байна

/Худалдаа эрхлэгч/

      “Амьдрахын тулд л бороо, шороонд нүдүүлж, цагдаа нарт хөөгдөн,  хараалгуулан байж бид зогсож байна. Тогтсон ажилтай бол энд зогсох шаардлага байхгүй. Ашиг гэж гардаггүй юм. Хоёр мянган төгрөг л нэмж талхаа авдаг. Хүүхдүүдээ буруу зам руу оруулчихгүй юмсан, ээжийнхээ үүргээ сайн биелүүлэх гэж л энд эрүүл мэндээрээ хохирон зогсож байна. Бид нарыг бүүр долоо хоног саатуулж байсан. Хүүхдүүд маань “Ээжээ цагдаа нар ирвэл бараагаа хаяаад зугтаарай” гэдэг. Дотор лангуу авч зогсож үзсэн ч бид нар шиг хэдхэн зуун мянган төгрөг эргэлдүүлдэг, барьцаа хөрөнгөгүй хүмүүст хэцүү юм байна билээ. “Хархорин”-ны 32 дээр бас бараа зардаг хүмүүс байдаг. Тэд бидэн шиг биш машин машинаар бараагаа буулгадаг. Цагдаа нар тэндхийн худалдаачдыг хөөдөггүй, ингээд л баян ядуугийн яалгаа гарч байгаа юм” гэж байв.

Тус зах дээр худалдаачдаас гадна 15-35 насны залуучууд ажилгүй улмаас архинд орж зах дээр хулгай хийн, хулгай хийсэн мөнгөөрөө архи ууж худалдаачид уруу дайрч давшилдаг байна.

н.Хандаа: Архчидтайгаа тэмцэж чадахгүй байж биднийг л хөөж, туух юм

/Худалдаалагч/

     “Бид нар үнэхээр хэцүү байдалд ажиладаг. Хэзээ цагдаа нар ирэх бол, хэзээ энэ залуучууд архиа уух бол гэж айж суудаг. Энэ хавийн архичид айх ичихээ мэддэггүй. Хүүхдийн маань үеийн охин л ална шүү чи үхээд өгнө, би бол төрийн хоол идэж байгаад гарч ирнэ гэдэг. Энэ төр засаг архичидтайгаа тэмцэж чадахгүй байж өрх толгойлж яваа биднийг л хөөж, туудаг. Бид нар энд өдөржин зогсчихоод орой гэртээ жаахан гурил хоёр төмс, нэг манжин л авч харьдаг. Энд байгаа хүмүүс бүгд адилхан. Дандаа 2-3 дамждаг. Өглөө 6 цагт гэрээсээ гардаг хүмүүс ч бий. Цагдаа нар хөөгөөд энд зогсож чадахаа больчихвол, зээлээ, охиныхоо төлбөрийг  яаана даа гэж нойргүй хонож явна” гэлээ

Ээжүүд ийн ярьж байна. Тэд ямартай ч хичээлийн шинэ жил эхэлж байгаагийн ачаар хэдхэн хоног ч болтугай наймаагаа тайван хийж чадахаар болжээ. Гэхдээ цагдаа нар есдүгээр сарын 1-ээс хойш хөөнө гэсэн юм. Харин худалдаалагчид “Хөөсөн ч үргэлжлүүлэн зогсоно” гэсэн байр суурь илэрхийллээ.

Манай сайт тун удахгүй худалдаалагчдыг цаашид яах талаар нийслэлийн удирдлага, холбогдох газруудаас тодруулга хүргэх болно.