Өнгөрсөн шөнө боксын төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөө манай тамирчин Б.Отгондалай Францын боксчин Софьян Үмиятай тулалдсан. Улмаар Францын боксчинд 2:1-ээр ялагдаж, "Рио 2016" олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ.Өрсөлдөгч нь 21 настай. 2015 оны Дохагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт V байранд шалгарч байсан, дэлхийн чансааны зургадугаарт бичигдэж буй боксчин байсан юм.
Тэрбээр тэмцээний дараагаар "Медалийнхаа өнгийг хувиргаж чадсангүй. Маш харамсалтай байна. Энэ тоглолтод ялах бүрэн боломж, ялах итгэл надад байсан. Бүх чадлаараа хичээн зүтгэсэн ч та бүхнийхээ итгэлийг алдаж, ялагдал хүлээлээ. Хүнд байна. Миний тоглолтын агуулга, бүтээмж, идэвхийг та бүхэн минь үзээд, өөрсдийнхөөрөө тунгаагаарай. Амласан, зорьсон зам дээрээ очиж чадаагүйдээ харамсаж байна. Чамлахаар чанга атга гэдэг. Олимпийн хүрэл медаль хүртэх энэ амжилтын ард байсан бүх хүмүүст, Монголын ард түмэндээ баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Ийнхүү олимпийн хүрэл медаль хүртсэн тул Засгийн газраас нэг удаа 30 сая, насан туршдаа сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал авна.