2016 оны 04 сарын 08
Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу уг тоологыг Засгийн газрын 2016 оны 3-р сарын 21-ний 163 дугаар тогтоолын дагуу 2016 оны 4-р сарын 1-нээс орон даяар зохион байгуулан явуулж байна.
Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын тоог бодитой тодорхойлж, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах, тэдний байршил, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тогтоох үндсэн дээр тус улсын эдийн засгийн чиг хандлагыг тогтооход ААНБ-ын тооллого ач холбогдолтой.
.Аж ахуйн нэгжийн тооллогыг явуулах технологийн хувьд бүртгэлд суурилсан аргыг голлох боловч уламжлалт аргыг хослуулан явуулж байна. Гааль, татварын ерөнхий газарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа онлайнаар тайлагнадаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг онлайн буюу бүртгэлд суурилсан хэлбэрээр шууд хамруулах ба уламжлалт аргаар тооллогын асуулгыг танилцуулан, байгууллагын удирдлага, бусад холбогдох ажилтнуудтай хамтран нөхөх судалгааг давхар гүйцэтгэх болно.
Та aanb.nso.mn, e-tax.mta.mn сайтад татвар төлөгчийн дугаараараа нэвтэрч, аж ахуйн нэгж, байгууллагын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.