Сэтгүүлч Г.Оюу
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн төслийг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Энэхүү бүтцээр хэд, хэдэн яамдыг нэгтгэх болоод байна. Тухайлбал, Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд тус бүр хэсэгчлэн хувааж, өгөхөөр болсон нь үйлдвэрлэгчдийн нүдийг орой дээр нь гаргаж, шоконд оруулж эхэлжээ.
Засгийн газар солигдож болох ч төрийн залгамж халаа хаа байна вэ гэж халаглах үйлдвэрлэгч олон байна. Одоо тэдний ганц найдлага нь Монгол Улсын Ерөнхийлөгч болж байгаа аж. Захидал бичих үү, яах үү гэх асуудал ч яригдаж буй юм байна.
Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үйлдвэржилтийг дэмжих ёстой хэмээн үзэж, зарлиг хүртэл гаргаж байсан юм. Иймээс үйлдвэрлэгчдийн найдлага Ерөнхийлөгч рүү чиглэж байгаа нь энэ бололтой.
Мөн үйлдвэрлэгчид “МАН халамж тараахаа л мэдэхээс бүтээхийг мэддэггүй гэдгээ энэхүү Засгийн газрын бүтцийн төслөөр харууллаа” гэж шүүмжилж байна.
Тэднийхээр бол Монголд үйлдвэрлэл хөгжөөгүй нь одоогийн өргөн мэдүүлээд Засгийн газрын бүтцийн хүрээнд авч үзэж, хэдэн хэсэг таслан аль нэг яамны бөөрөнд наадаг байсан гэх.
Нэгдсэн удирдлаггүй байснаас бодлого нь ч ойлгомжгүй, бүрхэг байсан юмдаг уу даа. Энэ алдааг Шийдлийн Засгийн газрын тэргүүн олж харж, шинээр Аж үйлдвэрийн яам байгуулсан. Одоо тэгтэл буцаагаад задалж тараана.
Бүтээнэ, сөнөөнө гэдэг үг л таарах болоод байна даа.
Эх сурвалж: www.news.mn