Сэтгүүлч Б.Дашням
Ойрын саруудад “Yahoo!”-ийн эзэмшил өөр компанийн мэдэлд шилжих хүлээлттэй байна. Эх сурвалжийн мэдээлснээр “AT&T”, “Verizon”, “Quicken Loans” зэрэг томоохон компаниуд “Yahoo”-ийг худалдаж авах, харилцан адилгүй нөхцөл бүхий 3.7-6 тэрбум ам.долларын үнэ санал болгосон ажээ.
Өмнө нь салбартаа толгой цохиж явсан “Yahoo!” сүүлийн жилүүдэд зах зээлээ алдаж, борлуулалт нь өрсөлдөгчдөөсөө хол хоцроод байгаа юм. Хэрэв “Yahoo!” компани мянган ажлын байр цомхотговол нэг ажилтны компанид авчрах орлогын хэмжээ “Alphabet”-ийн хагастай дүйцнэ гэж шинжээчид тооцоолжээ.
“Google”-ийн толгой компани “Alphabet"-ийн ажилтан тус бүрийн компанид оруулсан эхний улирлын орлого 315 мянга орчим ам.доллараар хэмжигддэг байна.
Мөн “Facebook”-ийн ажилтнууд 400 мянган ам.долларын борлуулалт хийсэн бол “Yahoo”-ийн энэ үзүүлэлт ердөө 116 мянган ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор компанийг худалдахаас өмнө илүүдэл зардлыг арилган, ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гурван мянга гаруй ажлын байр цомхотгох төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Эх сурвалж: www.bloombergtv.mn