Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Шинэ парламентийн анхдугаар чуулган болж УИХ-ын даргыг томиллоо. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболдын нэрийг дэвшүүлснээр нийт гишүүдийн 66 нь буюу 86.8 хувийн саналаар дэмжив. Хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Ч.Улаан шинээр сонгогдсон даргад баяр хүргэж тамга гардууллаа. М.Энхболд "УИХ-ын даргын өндөр албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн МАН, сонгож батламжилсан УИХ-ын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна. Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж төр засгийн тогтвортой нөхцөлийг ханган ажиллана. Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах хэрэгтэй" гэлээ.