богино мэдээ New

Сайтууд сурталчилгаа хийж болно

Сонгуулийн тухай хуульд зааснаар нам эвслүүд сурталчилгаа явуулахдаа зөвхөн тухайн нам эвслийн нэр, эх сурвалжтай мэдээлэл цацах ёстой..

УИХ-ын сонгууль болон аймаг нийслэлийн 2016 оны сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Сонгууль дөхсөн болохоор нэр дэвшигчдийн зурагт самбарыг урах, сошиалаар бичлэг тараах тохиолдол гарч байна. Үүнтэй холбоотой гомдол санал СЕХ-нд ирж байна уу?

-Нэр дэвшигчтэй холбоотой гомдол маргааныг цагдаагийн байгууллага хүлээж авна. Цагдаагийнхан шалгаад шүүхэд шилжүүлэх хуультай болсон. Пүрэв гаригт /2016.06.16/ авсан мэдээллээр 600 гаруй гомдол ирсэн байна лээ. Үүнээс нэр дэвшигчийн самбарыг урсан гэх гомдол ихэнх хувийг эзэлж байгаа юм.

-Сонгуулийн хуульд ойлгомжгүй заалт их байгааг олон нийтийнн зүгээс хэлж байна. Үүнтэй холбоотой гомдол санал ирж байна уу?

-Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны арга хэлбэрүүдийг тодорхой заасан байдаг. 9 дүгээр бүлэгт ямар зохицуулалтаар хэрхэн сурталчилгаа хийх заалт орсон. Гэхдээ ойлгомжгүй асуудал их байна гэж яригддаг. Нэгэнт хууль батлагдчихсан учраас хэрэгжүүлэх ёстой. Харин сонгууль дууссанаас хойш хэвлэлийнхэн саналаа илэрхийлж, хуульд өөрчлөлт оруулах боломжтой.

-Мэдээллийн сайтууд хэрхэн сурталчилгаа явуулах вэ?

-Сонгуулийн тухай хуульд зааснаар нам эвслүүд сурталчилгаа явуулахдаа зөвхөн тухайн нам эвслийн нэр, эх сурвалжтай мэдээлэл цацах ёстой.

-Сэтгүүлч нэр дэвшигчээс ярилцлага аваад мэдээллийн сайтаар дамжуулан цацаж болох уу?

-Тухайн нэр дэвшигчийн сонгуулийн штабыг ил харагдахуйц дурдаад явуулахад бүрэн боломжтой гэж үзэж байна. 

-Энэ сонгуулийн өөр газар очиж санал өгөх иргэн олон байна гэж сонсогдоод байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Сонгогчийн шилжилт хөдөлгөөн дуусахаас өмнө маш олон хүн өөр газар санал өгөх хүсэлт гаргасан байна лээ. Ер нь нэлээд олон хүн нэг газар луу шилжих байдал ажиглагдсан. Сонгогч шилжихтэй холбоотой хязгаарлалт хуульд тусгагдаагүй учраас ийм байдал үүсч байгаа байх. Шилжин очсон сонгогч зөвхөн УИХ-ын сонгуульд санал өгнө. Ийм саналын хуудас тусдаа хэвлэж, цөөн тоогоор аваачсан. Энэ нь хүрэхгүй байх магадлал ажиглагдаж байгаа.

-Аль аймаг, орон нутаг руу шилжилт хөдөлгөөн их байна вэ?     

-Сонгогчийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэл, статистикийн газар хариуцаж байгаа. Тиймээс тодорхой мэдээллийг Улсын бүртгэл, статистикийн газраас авах нь зүйтэй.

-Сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Сонгуулийн бэлтгэл ажил дуусах шатандаа орлоо. Санал тоолох хар машиныг шалгаж, баталгаажуулаад, аймаг орон нутагт хүргүүлэх ажил эхэлсэн. 7-8 аймагт санал тоолох машин хүргэгдээд байна. Үндсэндээ саналын хуудас хэвлүүлэх ажлыг зургаадугаар сарын 20-нд дуусгана. Одоогоор орон нутагт хуваарилах саналын хуудсыг хэвлүүлж дууссан, нийслэлийн иргэдээс санал авах хуудсыг хэвлэж байна. Сонгогчдод зориулсан зөвлөгөө сонгуулийн хороодоор дамжиж очно. Саналын хуудас дээр зааварчилгаа байршина. Санал авах бүхээгт зааварчилгаа хадна. Мөн цахим хуудсаар дамжуулж мэдээлэл авах боломжтой.

-Санал авах байруудад ямар шаардлага тавьсан бэ?

-Санал авах байранд хэд хэдэн шаардлага нэмэгдэж орсон. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан бүхээг засна. Тэргэнцэртэй иргэнд зориулсан орох, гарах гарц бэлдэх ёстой.

-Энэ удаагийн сонгуулиар сонгогчийн үнэмлэх өгөх үү?

-Сонгогчийн үнэмлэх өгөхгүй. Харин түүний оронд урилга хүргүүлнэ. Санал авах өдөр, санал авах байрыг бичээд тухайн сонгогчид өгнө. Хуучин бидний ашиглаж байсан сонгогчийн үнэмлэх тухайн  тойрогт бүртгэлтэй гэдгийг баталгаажуулдаг байсан. Одоо бол хурууны хээгээр баталгаажуулчихсан учраас заавал илүү зардал гаргаж, сонгогчийн үнэмлэх хэвлэх шаардлагагүй.

-Урилгаа заавал авч очих шаардлагатай юу?

-Шаардлагагүй. Сонгогч хурууны хээгээ төхөөрөмжид шалгуулаад санал өгнө. Хэрэв хурууны хээ шалгах төхөөрөмж ажиллахгүй, хуруугаа эсгэчихсэн, хүнд хүчир хөдөлмөрөөс болж хурууны  хээ бүдгэрчихсэн байвал иргэний баримт бичиг шалгана. Гэхдээ хурууны хээгээ шалгуулаад санал өгнө гэж найдахгүйгээр давхар иргэний үнэмлэхээ авч очих хэрэгтэй.

Танд баярлалаа.

www.news.mn