богино мэдээ New

Машинд цоожлуулсан бяцхан охин цонхоор унаж амиа алдлаа

Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Эрүүл мэндийн нэгдэл”-ийн хүлээн авах тасагт нас барсан хүүхэд хүргэгдэн ирсэн байна..

-ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ- 

Манай сайт саяхан л хэт халуун эхэлсэн энэ үед бага насны хүүхдүүдээ машиндаа цоожилж явахгүй байхыг эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж, ийм эмгэнэлт явдлын хар гайгаар АНУ-д бяцхан хүү амиа алдсан жишээг сануулж байв. Гэтэл Америкт болсон энэ аймшигт хэрэгтэй төстэй золгүй хэрэг өчигдөр Налайх дүүрэгт бүртгэгдлээ. Тодруулбал, Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Эрүүл мэндийн нэгдэл”-ийн хүлээн авах тасагт нас барсан хүүхэд хүргэгдэн ирсэн байна.

Тухайн хүүхэд машины цонхоор унаж амиа алдсан байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид хэргийн учир шалтгааныг тодруулан ажиллажээ. Тус хороонд оршин суух, 36 настай, эрэгтэй Б гэх иргэн “Hyundai Porter” автомашиндаа гуравхан настай охиноо үлдээгээд явсан хойгуур охин нь машины цонхоор унасан байжээ. Улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна.

Дээрх мэт үр хүүхдээ хээв нэг машиндаа цоожлоод, зуны бүгчим халуунд ажлаа амжуулж яваад хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх юм.

Тиймээс халууны улирал эхэлж байгаа энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, үр хүүхдээ машиндаа цоожилж удаан хугацаагаар орхиж явахгүй байхыг нийт эцэг эхчүүдэд дахин дахин анхааруулж байна.


118 дугаар зүйл. Асран хамгаалах үүргээ урвуулах

118.1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шунахай зорилгоор урвуулан ашигласан, асран хамгаалж байгаа хүнээ хараа хяналтгүй байлгасан, шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Эх сурвалж: Б.ЦЭЛМЭГ /www.medee.mn/