богино мэдээ New

Тувад Орос үндэстнийг ялгаварлан гадуурхах болсон талаар Путинд ханджээ

Өнөөдөр Тувагийн хүн амын дөнгөж 16 хувь нь Орос үндэстэн. Тэд бараг бүгд нийслэл Кызыл хотод амьдардаг. 1959 онд Тувагийн Орос иргэдийн эзлэх хувь дээд хэмжээнд хүрч хүн амын 40 хувийг бүрдүүлж байжээ.

Эх сурвалж: Р.ТӨМӨР, WWW.IKON.MN

Өнгөрсөн долоо хоногт (5.19) Оросын “Коммерсант” сонин Тувагийн Бүгд Найрамдах Улсад амьдарч байгаа Орос үндэстнүүдийн эрхийн талаар нийтлэл гаргажээ.

“Россияне” нэртэй Тувагийн Орос үндэстэн иргэдийн хөдөлгөөн байгуулагдаж ерөнхийлөгч Путинд хандан өөрсдийгөө үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлийн золиос болж байгаа талаар захидал бичсэн байна.

Хөдөлгөөний зохион байгуулагч, тус БНУ-ын парламентын дэд дарга байсан, багш мэргэжилтэй Зинаида Дехтярийн өгүүлснээр Тувад хүүхдүүд нь орос хэлийг гадаад хэлний түвшинд заалгаж, засаг захиргаан дахь Орос үндэстнүүдийн оролцоо эрс багассан гэжээ. БНУ-ын хүн амын ихэнх нь Орос хэлээр огт ярьдаггүй. “Нэртэй бөхчүүдийг хар! Тэд орон нутгийн телевизээр Тува хэл дээр ярилцлага өгч, тэрнийг нь Орос руу орчуулж байна шүү дээ” гэж хөдөлгөөний тэргүүн өгүүлж байна.

Мөн Тувагийн 17 дүүргийн захирагчийн ганц нь орос хүн байдаг бол засаг захиргааны 37 өндөр тушаалын албан хаагчийн дөнгөж гурав нь орос үндэстэн байгааг тэр бас онцолжээ.

Тувагийн салан тусгаарлах, үндсэрхэг үзэлтэй “Ардын Фронт” (Хостуг Тува) хөдөлгөөний үүсгэн байгуулагч, тэргүүн Каадыр-оола Бичэлдэйг 2015 оны 12 дугаар сард тус БНУ-ын засгийн газрын дэд тэргүүнээр сонгосонд Орос иргэд сэтгэл дундуур явдгаа нуусангүй.

Тэд 1990-ээд оноос эхлэн Орос үндэстнүүд Тувагаас олноор явах болсонд Бичэлдэйг буруутгадаг аж.

Ерөнхийлөгч Путинд захидал бичиж гарын үсэг зурсан иргэд төв засгийн газраас арга хэмжээ авч, Тувагийн иргэдийн дунд үндэс угсаа харгалзахгүй, тэгш эрх тогтоохыг хүссэн байна.

Тува бол хүн ам цөөтэй өмнөд Сибирийн Бүгд Найрамдах улс. 170,000 км.кв нутаг дэвсгэртэй, 300,000 гаруй хүн амтай. Тува нь зөвхөн гадаад ертөнцөөс алслагдсан нутаг биш, мөн Орос дотроо ч хамгийн бөглүү газарт тооцогддог. Оросоос энэ бүс нутаг руу чиглэсэн төмөр зам ч байхгүй. Энэ онцлогоосоо болоод тэд ОХУ-ын хаана ч байхгүй нүүдлийн амьдралын хэв маягтай. Эдийн засгийн хувьд ч Оросоос хамаарал бага, өөрөө өөрийгөө тэтгэдэг тул Москвагийн бодлогоос гадна оршдог юм. Үүний шалтгаан нь Тува харьцангуй хожим буюу 1944 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон байдаг. Тиймээс Оросын нөлөө хамгийн бага туссан бүс нутаг юм. Оросын эзэнт гүрэн дөнгөж 20 дугаар зууны эхээр л энд өөрийн төлөөлөгчөө томилж байжээ. Тува хэл нь Монгол хэлний хүчтэй нөлөө туссан Түрэг гарлын хэлд тооцогддог. ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нь Орост хамгийн алдартай Тува үндэстэн гэгддэг.

Орос үндэстнүүд Волгын сав орчим буюу Татарстан, Башкирстанд л өөрийн хэл соёл, эрхийг хамгаалах талаар дуу хоолойгоо хүргэж байсан бол Тувагийн талаар огт дурдагддаггүй байв. Тэгвэл анх удаа энэ талаар Тувагийн Орос иргэд дуугарч эхэлжээ.

Өнөөдөр Тувагийн хүн амын дөнгөж 16 хувь нь Орос үндэстэн. Тэд бараг бүгд нийслэл Кызыл хотод амьдардаг. 1959 онд Тувагийн Орос иргэдийн эзлэх хувь дээд хэмжээнд хүрч хүн амын 40 хувийг бүрдүүлж байжээ.

Түүнээс хойш энэ хувь хэмжээ тасралтгүй буурсан байна. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сард орон нутгийн Орос гаралтай улс төрчид “Россияне” нэртэй хөдөлгөөн үүсгэж эрх ашгийнхаа төлөө ажиллаж эхэлсэн гэнэ.

Тувагийн боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Елена Хардикова тэдний шүүмжлэлийг хүлээж авахгүй байгаагаа хэлсэн байна.

Хардиковагийн үзэж байгаагаар “Россияне” нь олныг хамарсан хөдөлгөөн биш, үүний цаана цөөн хэдэн хүн байгаа гэжээ.

Гэхдээ зарим хүмүүсийн үзэж байгаагаар Тува дахь Орос үндэстнүүдийн асуудал “Россияне” хөдөлгөөнөөр хязгаарлаж болохгүй хэмжээнд хүрсэн гэнэ.

Тувад санаатайгаар Оросуудыг тус улсаас явуулах бодлого явагддаг. 2011 онд батлагдсан Тувагийн төрийн дуулал зөвхөн Тува үндэстнийг онцолж, Оросуудын талаар огт дурдаагүйг тэд шүүмжилж байна.

Үүнээс гадна тус БНУ руу тавигдах төмөр замын төслийг орон нутгийнхан хүчтэй эсэргүүцэж байгаа гэнэ. Олон Тува иргэд Орос улс тэднийг хууль бусаар нэгтгэсэн гэж үздэгээ нуудаггүй ажээ.

Энэ бүх нөхцөл байдлыг мэдэж байгаа ч Москвагаас төдийлөн анхаарал тавьдаггүй. Хэдийгээр Орос үндэстнүүд нь гомдоллож байсан ч ерөнхийлөгч Путин одоогийн захирагч Шолбан Кара-оолыг үргэлжүүлэн дахин нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллуулах зарлигт саяхан гарын үсэг зуржээ.

Гэхдээ Тувад хүрэх дэд бүтэц маш муу хөгжсөн учраас Москва хүссэн ч анхаарал, хяналт тавих боломжгүй байгааг зарим эх сурвалжууд хэлж байна.