Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид намуудаас тодорлоо. УИХ-д нэр дэвших гэж намууд дотор олон төрлийн жортой бантан буцлав. Үүнээс АН дотор эрх, дураараа аашилсан нь бидний өмнө хамгийн буурьтай, нуруутай харагддаг М.Батчимэг гишүүн байлаа. Түүний хувьд жил гаруйн өмнөөс Орхон аймгийн АН-ын даргаар сонгогдон ажилласан юм. Дарга болоход нь түүнийг намын нөхөд нь “сонгохгүй” гэж мөн ч их эсэргүүцсэн ч УИХ-ын дарга З.Энхболдын даалгавраар нэг хүний илүү саналаар ялсан гэдэг. Орхон аймгийн АН дахь фракциудын тэмцэл хүчтэй өрнөж эцэстээ нударга зөрүүлэхэд хүргэв. Чухамдаа намын гишүүд, залуусыг эвтэй, нэр хүндийг нь өсгөх, зангидсан гар шиг байлгах удирдлагын ажлыг эрхэм гишүүн маань хийх учиртай. Харамсалтай нь тэгсэнгүй. Фракциудын алтан голчыг олж явах атал өөрөө “Нэг ардчилал” фракцын талд хэт үйлчилсэн гэх гомдлыг тус аймгийн АН-ын олон залуус хэлж байна.
Түүнчлэн энэ удаагийн сонгуульд /Орхон аймгийн 47 дугаар тойрогт/ намын нөхөр Д.Одхүүгийнхээ тойргийг булаах гэж олон жүжиг зохиосон бололтой. Д.Одхүүгийнх нь хувьд уг тойрогт өмнө нь хоёр удаа ялж байсан, хийсэн зүйл ихтэй. Харин хэдэн хоногийн өмнө болсон нэр дэвшигчийг санал асуулгаар тодруулах мөчид М.Батчимэг гишүүн нэгэнт олонхийн санал авч чадахгүйгээ мэдэж нэрээ татсан аж. Гэвч Д.Одхүү, намынхан нь эмэгтэйчүүдийн квотыг хадгалж үлдэх үүднээс түүнийг Орхондоо үлдээх саналыг гаргасан ч өөрөө эрх хүүхэд шиг гоморхсоор “Би энд дэвшихгүй” гэж хэлээд Улаанбаатар руу явжээ. Хотод ирэхэд намын дарга З.Энхболд нь Чингэлтэй дүүрэгт тойрог өгөв. Гэтэл мань хүн “Үгүй ээ. Би Сүхбаатар дүүрэгт Л.Гантөмөр, Х.Тэмүжин нартайгаа дэвшинэ” хэмээн бас л эрхэлсэн сурагтай. Түүний энэ эрхлэлтийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал буурьтай, нуруутай харж өөрийн оронд нэрийг нь дэвшүүлэхээр болсон байна.
УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрд оруулж нэг ёсондоо дагуулж яваа. Өнгөрсөн 2012 онд тэрбээр намын жагсаалтаар парламентад орж ирсэн. Товчхондоо энэ удаагийн сонгууль түүний хувьд анхных нь. Багийн даргад ч өрсөлдөж үзээгүй “Эбэ, З” нарын “эрх охин” царай шигээ буурьтай байвал сонгогчдод чинь бас Монголын төрд хэрэгтэйсэн. Нам дотор ингэж давуу эрхээр дураараа аашилна гэдэг нэг талаараа төрд дураараа аашилсантай агаар нэг. Сонгууль, олон нийтийн саналыг зүв зүгээр байж байгаад, төлөв царайлаад авчихна гэсэн үг биш. Бас эмэгтэй хүн гээд ард түмэн өрөвчхөн сэтгэлээр санал өгчихгүй гэдгийг та эрх биш бодно биз.