www.buzznews.mn
НӨАТ-ын 400 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодорсон нь олны анхаарлыг татаад байсан. Ингээд цагдаагийн байгууллагаас анх азтан болсон хэмээж байсан эмэгтэйг дуудан тайлбар аваад байсан.
Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Гааль татварын ерөнхий газар /ГТЕГ/, Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ албан ёсны мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд н.Цэенпил гэх иргэний бүрдүүлсэн материал нь QR кодтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл, хоёр баримтыг нийлүүлсэн хуурамч болохыг татварын байгууллагынхан төхөөрөмжийн тусламжтайгаар баттай тогтоосон гэв. QR код гэдэг нь тухайн баримт ГТЕГ-ын төхөөрөмжөөс, эх үүсвэрээс нь гарсан эсэхийг нарийн тогтоодог гэв. Энэ дагуу шалгалт хийж үзэхэд хуурамч болохыг аль хэдийн тогтоосон байхад Н.Цэенпил гэх иргэн одоог хүртэл өөрийгөө 400 сая төгрөгийн азтан мэтээр ярьж байгааг хэллээ.
Харин Цагдаагийн ерөнхий газрын мэдээлж буйгаар ГТЕГ-ын хүсэлтийн дагуу иргэн Н.Цэенпилээс тодруулга мэдээлэл авчээ. Харин иргэн н.Цэенпилийн ярьсан шиг байцаалт авч, улмаар 2.5 жилийн ялын асуудал огт яригдаагүй гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү онцоллоо. Хэдийгээр ГТЕГ-аас хуурамч баримт гэдгийг тогтоосон гэж байгаа ч цагдаагийн байгууллагаас нарийн шинжилгээнд оруулахаар бэлтгэжээ. Б.Баатархүү “Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгана. ГТЕГ-аас гаргаж өгсөн баримтуудыг ч гэсэн хавсаргах болно” гэлээ.
Тэгвэл Н.Цэенпилээс гадна С.Алтанзул гэх иргэн 400 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн тухай өмнө нь мэдээлж байсан. С.Алтанзулын баримтны хувьд QR код арилсан учраас үргэлжлүүлэн нарийвчлан шалгаж байгаа ажээ.