Эх сурвалж: www.hunnu.mn
Энэ сарын 15-ны өдөр Улаанбаатараас–Бээжин чиглэлийн онгоцоор ХБНГУ-ын иргэн Fabian Andy Deutsch ямар амьтных нь үл мэдэгдэх чулуужсан яс авч гарах гэж байгаад баригджээ. Буянт Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлэгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Дэлгэрмаа зорчигчийн ачаа тээшинд 3,65 кг жинтэй таван хэсэг, чулуужсан яс нь дагалдах бичиг баримтгүй байсныг илрүүлж, бүтээгдэхүүнийг хураан авч, Шинжлэх-ухааны академийн Палеонтологи, Геологийн хүрээлэнд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шилжүүлээд байгаа ажээ.
ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгээс уг олдвор нь үлэг гүрвэлийн чулуужсан ясны хэлтэрхий мөн гэдгийг тогтоосон хэдий ч хаанаас олсон, ямар хүнээс авсныг нь тогтоох шаардлагатай гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. Иймд уг олдворыг, холбогдох байгууллагын шинжилгээний дүн, бусад материалын хамт Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэст шилжүүллээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.