Эх сурвалж: Б.Цог /www.medee.mn/
Өнөөдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 8-р хороонд баригдсан 168 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ёслолд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Улсын их хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгальмаа, Нийслэлийн засаг даргын хот байгуулалт хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, “Гангар инвест” компанийн ерөнхий захирал Ж.Энхтөр болон бусад албаны хүмүүс оролцож тууз хайчиллаа.
Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “Одоогоос гурван жилийн өмнө гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд энэхүү хорооллын суурь анх тавигдаж байлаа. Энэ гурван жилийн хугацаа маш хурдан өнгөрсөн байна. Энэ хугацаанд “Гангар инвест” компанийнхан дулааны шугам сүлжээ, цахилгаан, цэвэр бохир усны дэд бүтэц гээд маш их зүйлсийг хийжээ. Энэ бол зөвхөн эхлэл юм. Цаашид нийслэлээс нийгмийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгнө. Оршин суугчдад маань одоо нэн тэргүүнд автозамын асуудал тулгарч байгаа байх. Тийм учраас замыг энэ зундаа багтаан сайжруулж тавина. Цаашлаад хороолол өргөжих тусам бид сургууль цэцэрлэг эмнэлгийн асуудлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллана. Бидний ажлыг дэмжиж газраа чөлөөлж өгсөн Баянзүрх дүүргийн 8-р хорооны иргэд болон барилгыг барьж гүйцэтгэсэн “Гангар инвест” компанийнхандаа нийслэлийн захиргаанаас талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.
Баянзүрх дүүргийн 8-р хорооны иргэн Б.Лувсан“Одоогоос гурван жилийн өмнө манайх 600 метр кв хашааны газраа чөлөөлж орон сууцанд орох гэрээг “Гангар инвест” компанитай байгуулсан. Одоо гурван өрөө байрандаа орох гэж байна. Бэлтгэлээ хийгээд сайхан байна. Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүрэгтээ түрээсийн байранд амьдарч байлаа. Энэ хугацаанд “Гангар инвест” компаниас байрны түрээсийг цаг хугацаанд нь төлж байсанд баярлаж байгаа. Шинэ байранд орох болсондоо сэтгэл өндөр байна” гэлээ.
Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд, “Шинэ Амгалан” орон сууцны хорооллыг “Гангар инвэст” компани барьсан бөгөөд 168 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газар чөлөөлөх гэрээ хийсэн иргэдийг орон сууцанд нь оруулаад байна. Цаашид уг төслийн хүрээнд 5102 айлын 69 орон сууцны барилга, үйлчилгээ соёр амралтын цогцолбор байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Орон сууцны хорооллыг дагаад автобусны буудал, сургууль, цэцэрлэгийг шийвдэрлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж.