богино мэдээ New

Буруу хүнийг сонговол Монгол улс дахин сэргэхэд хэцүү болно

Өнөөгийн сонгуулийн системээр боловсорсон эрдэмтэн, мэргэд төрд орох боломж алга. Улс төрийн боловсролтой, төр түших түвшин нуруутай, өргөн мэдлэгтэй хүн эдүгээгийн төрд гарч ирэх боломжгүй байна. Сонгуульд мөнгөгүй хүн орох боломжгүй. .

Академич Ж.Болдбаатартай “Монгол төрийн түшээ” хүн улс оронд ямар үүрэг, нөлөөтэй талаар ярилцсанаа уншигч таны өмнө дэлгэе.  

Монголын түүхэн дэх үе, үеийн хаад ноёд, удирдагчид ямар ухаанаар төрөө удирдан залдаг байсан бэ?

Хүн төрөлхтөн нийгмийн зохион байгуулалтад орох болсон нь дэлхийн түүхэн дэх хамгийн агуу зүйл. Тэрхүү үнэт зүйл нь төр бий болсон.

МЭӨ 209 онд Хүннү улсад Модун Шаньюй хаан төрийн жолоонд суусан үеэс Монголд төр үүссэн гэж үздэг. Чингис хааны үеэс Алтан ургийнхан Монголын төрийн жолоог барих болсон. Монголын хаад Чингис хааны төр барих уламжлал гэрээсийг ямагт болгоож, төрөө удирдан залж байлаа. Төрийн тэргүүн хүнд улс иргэн, хүн ардаа гэх сэтгэл, ноён нуруу ардыг ачлах, төр засах эрдэмд суралцсан байхыг гол шалгуур болгон тавьж иржээ.  

Манжийн эршээлийн үед ч угсаа залгамжлах хүүгээ ноёд,  5, 6 настайгаас нь эхлэн гэрийн “элит” сургуулиар бэлтгэдэг байжээ. Бичиг үсэг сурган, түүх шаштир, буддын гүн ухааны номд шамдуулж, түшмэл ёсонд сургасны дараа сая  угсаа залгамжлах эрхтэй болно.

Гэрийн “элит” сургуульд хошуу нутгийн түүх, байгаль, хүн зоны онцлог, өвөрмөц тал зэргийг сайтар заан сургадаг байж. Мөн хошуу нутгийн экологийн зураглалыг сайтар мэдүүлнэ. Шинэ гэр бүл болсон залууст хошуу ноён “Хаана өвөлжөөгөө барих вэ” гэдгийг хүртэл зааж өгөх хүртэл бэлтгэгдэнэ. Олон жилийн ажиглалтын дүнд үүссэн ийм зураглалтай учраас тухайн гэр бүлд газар нутгийн байршлыг оновчтой сонгож өгдөг байж л дээ. Энэ нь ахуйн удирдлагын маш чухал зүйл юм. Хошуу ноён хүүдээ улс төрийн учир холбогдол төдийгүй аж ахуй удирдахуйн чиглэлээр эрдэм ухаанд сургадаг байж.

Төрийн түшээ гэж ямар хүн байх нь зүйтэй гэж та бодож байна?  

Төрийн түшээ болох хүн боловсролтой, аливааг харах алсын хараа, ноён нуруутай байх ёстой. “Гүндүүгүй” гэдэг ноён нуруутай, холч голч хүнийг хэлдэг. Гэтэл өнөөгийн хүмүүс энэ үгийн утгыг шавар баримал шиг хөдөлгөөнгүй, бодож сэтгэдэггүй хүнийг хэлдэг юм шиг ойлгодог болж. Төрийн түшээд хүнд байх хамгийн чухал чанар бол ёс жудаг, хүний мөс.

Түшмэл ёс гэдэг нь эрдэм мэдлэг, хуримтлуулсан туршлагаар бусдаас тодорсон албан тушаалтны төрөөс тогтоосон хэм, хэмжээний дагуу Засаг захиргааны хувьд удирдах, гүйцэтгэх өвөрмөц эрх мэдлийг хэрэгжүүлэх улс төр, хууль зүйн илэрхийллийг тодотгосон ойлголт юм.

“Төрийн хар хүн” гэдэг голоо тасартал улсаа боддог хүнийг хэлнэ гэж монголчууд үзэж, хэрэгжүүлж ирсэн.

Эдгээр шалгуурт нийцэх хүн Монголын төрд гарахад юу саад болоод байна?  

Өнөөгийн сонгуулийн системээр боловсорсон эрдэмтэн, мэргэд төрд орох боломж алга. Улс төрийн боловсролтой, төр түших түвшин нуруутай, өргөн мэдлэгтэй хүн эдүгээгийн төрд гарч ирэх боломжгүй байна. Сонгуульд мөнгөгүй хүн орох боломжгүй. Нэр дэвшихдээ өгдөг мөнгийг эгэл эрдэм, номтой хүмүүн хаанаас олох вэ? Тиймээс л бизнес эрхэлдэг, мөнгөтэй хүмүүс л төрд гарч, төрийн чадавхийг эрс сулруулж байна. Ийм нөхцөлд ухаалаг төрийн тухай яриад ч хэрэггүй.

Ухаалаг хүмүүсээс бүрдсэн төрийг л ухаалаг төр гэдэг. Түүнээс биш ууж идсэн, шунахай сэтгэлтнүүдтэй байхад ухаалаг төр бүрдэх боломжгүй. 

Өнөөдөр өөрт ашигтай л бол юу ч хийж мэдэх, улс орны эд баялгийг яаж ч зувчуулж болзошгүй хүмүүс төрд шургалаад байна. Энэхүү шударга бус хүмүүстэй зоримог тэмцэх нэгэн байлаа ч хувийн ашиг сонирхол хийгээд намын явцуу эрх ашгаа дээгүүрт тавьсан хүмүүс тэднийг урагш ганц ч алхуулахгүй байна. Энэ бүхнээс үзэхэд Монголын төрд чадавхи байна уу гэдгээс илүү Монголд төр байна уу гэдэг асуулт урган гарна. Монгол Улсыг дахин сэргээх улс төрийн хүчин, төрийн түшээ гарч ирэхгүй бол улсын ирээдүй бүрхэг болох хамгийн эгзэгтэй агшинд тулж ирээд байна.

Намын явцуу эрх ашиг гэлээ. Улс төрийн намуудад асуудал байх шиг?

Ардчиллын гол зарчим бол улс төрийн намаар дамжин төр төлөвших явдал юм. Улс төрийн намууд бодлого, асуудлаа нэгтгэснээр төрийн бодлого явагддаг. Тэрнээс биш “шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг” олон намын гишүүд өвөр зуураа муудалцсанаар сайн шийдэлд хүрэхгүй. Тийм учраас улс төрийн намуудын төлөвшилд анхаарч, хууль зүйн орчинг сайжруулах шаардлагатай.

Сонгогчид юуг анхаарах нь зүйтэй бол?  

Олон түмэн хэт их “чалчдаг” хүнийг сайн гэх. Тийм биш. Чалчаа хүн аливааг бодож, эргэцүүлж чаддаггүй юм. Хүмүүс алт, гууль хоёрыг ялгахаас биш агуу их, адгийн тэнэг хоёрыг  ялгахыг огт хүсэхгүй байх шиг.

Ард түмний итгэлийг дааж чадах улс төрийн нам, хүчин улс орны язгуур эрх ашгийг эрхэмлэж чадах нэр дэвшигчид саналаа өгөх асуудал нэн чухал. Сэтгэл хөдлөлд автан, шальдар бальдар хүнд саналаа өгвөл Монгол улс дахин босоход хэцүү байх болно. Иймд УИХ-ын гишүүнийг эрхтэй атлаа болгоомжтой, найртай атлаа хэрсүү байх чанарыг нь харж сонгохыг зөвлөж байна.

Монголын төр, улс төрчдийг чадавхижуулах чиглэлд ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна?

Улс төрчид намчирхдаг байдлыг арилгаж , мэргэжлийн удирдлагад онцгой анхаарах хэрэгтэй. Яам, агентлагаас эхлээд төрийн үйлчилгээний алба хүртэл бүх шатанд ажлын туршлагатай, амьдралын нарийн асуудлыг сайн мэддэг, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах нь зүйтэй.  

Өөр нэгэн анхаарах зүйл нь ахмад, идэр, залуу үеийн холбоог хадгалж үлдэх ёстой. Одоогоор 50-аас дээш насны хүнийг хүн биш үздэг хандлага газар авчээ. Ахмад, дунд, залуу үеийн шүтэн барилдлагыг хангахгүй бол улс орон хөгжихгүй.

Товчоор бол ой санамжаасаа өнгөрснөө арчаад хөгждөг орон гэж байхгүй. Өмнөх үеэ тойлсон хүн юм юмтай хоцордог.

Эмэгтэй улс төрчдийн төр гүйцэтгэх үүрэг, одоогийн эмэгтэй гишүүд ямар түвшинд байна?  

Монголд эмэгтэй хүн төрийн үйл хэрэгт жолооноос нь биш цулбуураас нь барьж, оролцож, нөхөртөө ээл түшиг болж ирсэн гэж хэлэхэд болно. Эр нөхрөө төрийн төлөө зүтгэх бүх бололцоогоор нь хангаж, хажуунаас нь түшиж, сануулж, зөвлөж байсан.

Түүхэн сурвалжийг сөхөхөд, язгууртан айлын охидыг 14,15 наснаас нь төрийн ёсонд сургаж байв. Хатан хүн биеэ хэрхэн авч явах, ардыг хэрхэн ачлах, төрийн ёс жаяг ямар байх зэргийг нэгт, нэгэнгүй сурдаг.

Одоо эмэгтэй улс төрчдийн квотыг нэмэгдүүлэх эсэх асуудал яригдаж байх шиг. Энэ нь зөв л байх. Гэхдээ 30,40 хувьд хүрнэ гэдэг хэцүү. Яагаад гэвэл эмэгтэй хүн амьдралд хоёр төрлийн чиг үүрэгтэй. Нэг талаар, улс орондоо тодорхой зүйл хийж бүтээх, нөгөө талаар ирээдүй иргэдийг өсгөн,  хүмүүжүүлэх илүү том үүрэгтэй. Олон эмэгтэй улс төр, удирдах алба руу зүтгэвэл Монголын ирээдүйд сөрөг нөлөөтэй гэж бодож байна. Тиймээс зохих хэмжээтэй оролцох нь зүйтэй  байх.

Ирэх сонгуулийн дүр зураг ямар байх бол?  

Шинэ залуу улс төрчид дийлэнх, олонхи болбол тэдний туршлага дутна. Цөөн тооны ахмад хүн, идэр насныхан зонхилж, зохих хэмжээнд залуучууд орж ирж байж л төрийн үйл ажиллагаа хэм тэгш явагдана.

Улс төр гэдэг асуудлыг углуургатай харах, улс төрийн бодлогын давхар оньсыг зөв мултлах, хийг нь гаргаж сэтгэх ухаан юм. Үүнийг залуу хүмүүс тэр бүр хийж чадахгүй. 40 наснаас хүн төлөвшиж, бүх асуудалд ухаалаг, жинтэй хандаж эхэлдэг. Тиймээс төрд идэр насныхан зонхилсноор төрийн үйл ажиллагаа зохистой болно гэж боддог.  

www.vip76.mn