Мэргэжлийн тамирчдын “WOW-2016” халз тулаан энэ сарын 14-ний өдөр "АСА" циркт болох гэж байгаатай холбоотойгоор Монголын мэргэжлийн тулааны спортын холбооноос мэдээлэл хийлээ.
Халз тулаанд долоон клубын шилдэг 9 хос 18 тамирчин тулааны гурван төрөлд хүч үзэхээр болжээ.
Тодруулбал, клубуудээс “Cardio MMA fitness”,” Ширэн бээлий”, “Монгол Файт”, “Боксын ко клуб”, “Бурхан халдун”, “Монгол FIGHT”, “Зэйвс” зэрэг клубуудын шилдгүүд оролцох бөгөөд бүхий л тулаанчид дор бүрнээ бэлтгэл хангаснаа хэлж байна.
Тэмцээний үеэр боксын төрөлд нэг тулаан болох бол кикбоксын төрөлд дөрөв, холимог тулааны төрөлд гурав болох ажээ. Гэхдээ хамгийн “Супер тулаан” нь Мэргэжлийн боксын WBC, WBF-ийн тулааны дэлхийн аварга МУГТ Ч.Цэвээнпүрэв болон Дархан-Уул аймгаас ирж оролцож байгаа залуу тамирчин А.Мөнхбаатар нарын дунд болох ажээ. Үүнээс гадна АНУ-д бэлтгэл хангалтаа хийж, тэндээ хэд хэдэн тэмцээнд оролцсон Б.Түвшинбилэг Ө.Баярмандахтай халз тулна. Мөн залуу тамирчдаас С.Сүхболд, Б.Даваажамцтай, н.Мөнхбаяр, н.Оюунболдтой тус тус халз тулна. Ийнхүү өнөө цагийн хамгийн шилдэг тулаанчид энэ үеэр цугларч, жин жиндээ Улсын аварга хэн бэ гэдгээ үзэх юм.
Зохион байгуулагчдын зүгээс уг тулаанаас шалгарч үлдсэн шилдгийн шилдэг тамирчдыг тулааны ДАШТ-д сойх зорилготой буйгаа хэлж байна.
Ингээд Тив дэлхийн тэмцээнд Монголынхоо нэрийг олон удаа гаргасан МУГТ Ч.Цэвээнпүрэв “Энэ тэмцээний гол зорилго бол Монгол тулааны спорт өнөөдөр ямар түвшинд байгаа , залуу тулаанчдын чанар чансаа ямар байгааг харуулах, тэдэнд өсөж дэвших, өөрийгөө сорих боломжийг олгох” хэмээн уг тэмцээнийг тодорхойлсон юм.
Харин өөрийнх нь хийх тулааны талаар сонирхоход “Дархан-Уул аймгаас ирж оролцож байгаа Монголын шилдэг тулаанчдын нэг А.Мөнхбаатар гэх залуу надад тулаан хийх санал тавьсан. Түүний саналыг би зөвшөөрсөн. Би 40 нас гарчихлаа, хөгширчихлөө гээд тулаан хийхгүй гэсэн үг биш. Тэгэхээр тулаан жинхэнэ халз тулаан байх болно. Мөн бид ямар бөх барилдах гэж байгаа биш ямар нэгэн найраа хийх зүйл байхгүй. Шударгаар тулаанаа хийнэ” гэлээ.
“АСА” циркт болох “WOW-2016” халз тулаан тавдугаар сарын 14-ний 18.00 цагт эхэлнэ.
Г.Уянга