Эх сурвалж: www.buzznews.mn
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Рио-2016 олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчдын нэрийг өөрчлөн зарласан. Учир нь олимпийн эрх авсан зарим тамирчдын шинжилгээнээс сэргээшийн төрөлд оруулж, хориглосон эмийн бодис илэрсэн байна. Харамсалтай нь эдгээр тамирчдын дунд Монгол улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн 53 кг-ын жингийн тамирчин Э.Сумьяагийн нэр багтсан юм.
Энэ асуудалтай холбогдуулан МЧБХ, Спортын анагаах ухааны төв, Биеийн тамир хөгжлийн газрын мэргэжилтнүүд өчигдөр мэдээлэл хийсэн. Тэд “Э.Сумьяагийн шинжилгээнээс илэрсэн мелдониум гэх бодис нь хүч тамир оруулдаггүй, бөгөөд өмнө нь тамирчдад хэрэглэхийг зөвшөөрдөг байжээ. Гэвч энэ оны нэгдүгээр сараас эхлэн хориглосон эмийн жагсаалтад оруулсан байна. Энэ талаар тамирчдад маш сайн хэлж байсан ч Э.Сумьяагаас илэрлээ. Гэхдээ илрэхдээ маш бага тунгаар буюу 0,7 микрограмм хэмжээтэй илэрсэн нь тайвшруулж байсан. Энэ тухай дөрөвдүгээр сарын 13-нд WADA /дэлхийн допингийн эсрэг агентлаг/-аас ирүүлсэн захидалд ч дурдсан байжээ. Маш бага хэмжээтэй илэрсэн тул ОУ-ын тэмцээнд оролцох эрхийг нь хасахгүй талаар бичжээ. Гэтэл тавдугаар сарын 10-ны шөнө гэнэт олимпийн эрхийг нь хураасан шийдвэр явуулсан нь гайхширал төрүүлж байна. Тиймээс бид уг асуудлаар холбогдох ОУ-ын байгууллагуудаас тодруулахаар ажиллаж байна” гэсэн юм.
Тэгвэл олон улсын олимпийн хорооноос санаачлан WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн удирдах зөвлөлийн хурлыг Канадын Монреаль хотод шуурхай хуралдуулахаар болсон байна. Тэд спортын ертөнцөд дуулиан, шуугиан тариад байгаа 2016 оноос хориотой эм, эмийн бодисийн жагсаалтад багтсан мельдониум болон олимпийн эрхээ хасуулаад буй тамирчдын талаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэхээр болжээ.