Өнгөрсөн долоо хоногийн “Шийдлийн цаг” уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзаж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус хөтөлбөрийг эцэслэн баталлаа. Энэ талаар сэтгүүлч Х.Эрдэнэбулган Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн “Ярилцъя” хөтөлбөрөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй ярилцсаныг нийтэллээ.
Монгол Улсын Засгийн газраас нэгэн чухал шийдвэр гарсан. Энэ нь “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн санаачлага, шийдвэр байлаа. Улаанбаатар хотод агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбар авахаар Хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж байна. Сайн хашаа гэхээр иргэд шүүмжилж, яг сайн мэдээлэл аваагүй байгаа тул юун хашаанд ингэж их мөнгө зарцуулах нь вэ гэж шүүмжилж байх шиг байна. Тиймээс та энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулна уу?
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд Сангийн яамны холбогдох хүмүүс болон намайг байлцуулан “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаачилж байгаагаа хэлсэн. Энэхүү хөтөлбөрөөр эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийг зарцуулж, хотын хамгийн их утаа, хөрсний бохирдолтой хэсэгт амьдарч буй 69 200 айл өрх буюу иргэдийг хамруулъя гэдгээ танилцуулсан. Энэ үнэхээр таны хэлдгээр онцгой шийдвэр. Засгийн газраас ийм шйидвэр гаргаж байгаагаа хэлэхэд би үнэхээр их баярлаж байснаа шууд хэлмээр байна. Яагаад онцгой, чухал шийдвэр гэхээр дахин төлөвлөлтийн гол зорилго нь агаар, хөрсний бохирдлоос л салгах шүү дээ. Ингэхийн тулд гэр хорооллыг тохилог орон сууц болгохоос өөр сонголт бидэнд байхгүй. Тэнгэр дээр нар байна гэдэг шиг. Энэ асуудал ийм л энгийн үнэн байна. Манай иргэд даарахгүйн тулд гал түлж байна. Инженерийн үйлчилгээ байхгүй учраас л тэд ингэж амьдарч байгаа шүү дээ. Хэрэв инженерийн үйлчилгээг хангаж өгсөн бол хэн ч өөрийн амьдарч буй орчноо санаатайгаар бохирдуулж амьдрахгүй. Тиймээс л бид энэ нөхцөлийг хангахаар ажиллаж байгаа юм. Ингэхдээ нэг айл өрхөд инежерийн үйлчилгээг өгөх зорилгоор түүхэндээ анх удаа жилийн таван хувийн хүүтэй 10 сая төгрөгийн зээлийг өөрийн амьдарч буй хашааны газрыг барьцаалж зээл олгоно. Мэргэжлийн байгууллагаар тооцоо хийлгэхэд тухайн айл бохир хийхэд 2,4 сая, цэвэр бохир усны хангамж хүргэхэд 3,5 сая, халаалтын асуудлыг шийдэхэд 4 сая төгрөг буюу нийт 9,9 сая төгрөг хэрэгтэй гэсэн байгаа юм. Нэг ёсондоо энэ нь орон сууцжуулах нэг төрөл. Тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн дийлэнх нь орлого багатай байгаа. Тиймээс эхний 2 жил төлбөр авахгүй, түүний дараа жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр төлдөг байхаар зохицуулна. Энэ зээлийн хөтөлбөр нь дэлхийд хэрэгждэг жишгээр үзвэл хамгийн сайн жишиг. Би хувьдаа Ерөнхий сайдын зүгээс санаачилсан хамгийн супер бодлогын нэг байлаа гэж хэлье.
Инженерийн дэд бүтцийг тус бүрт нь задалж ярья. Нэгдүгээрт цэвэр усны шугам оруулах ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Айл бүрийн хашаанд худаг ухна гэж байхгүй байх.
Энэ зээлийг яагаад нэг өрхөд бодож өгөх вэ гэдэг нь ийм учиртай. Жишээ нь хоттойгоо хамтраад төв магистралаа хотоороо татуулаад өөрийн хашааруу орох шугамаа зээлээр авсан хөрөнгөөр хийж болно. Үүнийг янз бүрээр шийдэж болно. Иргэн би 20 айлтай нийлэхгүй хувийн инженерийн үйлчилгээ авна гэвэл бас болно. Орлого сайтай айл бол болно шүү дээ. Тэр нь бидний тооцооллоор 10 сая төгрөг болж байгаа юм. Гэр хороолол гэхээр бүх айл орлого багатай гэсэн үг биш шүү дээ. Олон сайхан амины орон сууц барьчихсан өрх бий. Тэд бол өөр сонголт хийж болно. Шийдлээ өөрсдөө тохир гээд байгаа юм. Олон айл нийлж хийвэл өртөг бага, хувийн сонголт хийвэл өртөг арай илүү байна л гэсэн үг. Жишээ нь, Нарлаг буянт ухаа гээд 300- гаад айл газраа нийлүүлээд хотхоныхоо зураг төслийг гаргаад бэлэн болгочихсон, газар дээрээ 1700 гаруй айлын орон сууц барих гэж байна. Тэр 300 айл нийлэхэд л 3 тэрбум төгрөг болох нь. Тэгэхээр айл бүрт өрхөөр нь тооцож шийдэж байган. Би бол айлуудыг нийлээд хийгээрэй л гэж уриална. Тэр шийдэл нь илүү өртөг багатай, үр ашигтай.
50 айл нийлээд 10, 10 сая төгрөгөө аваад тухайн хэсэгтээ гэр хорооллын дахин төлөвлөлт явуулаад барилгажуулж болох нь ээ?
Яг тийм. Энэ бол үндсэндээ хашааны газрыг үнэ цэнэтэй л болгож байгаа алхам. Тухайн газрыг дэд бүтцээр нь үнэд оруулж байгаа юм. Дэд бүтцээ татаад хотын төвийн газар шиг үнэ цэнэтэй болгочихно. Ерөнхий сайд намайг шүүмжилж магадгүй. Гэхдээ би газар бол бизнес гэж хэлмээр байгаа юм. Энэ бол иргэдэд олгож байгаа маш том боломж гэж харж байна.
Би таны бизнес гэдэгтэй санал нэг байна. Өмнөх хөтөлбөрүүд яагаад амжилттай болохгүй байсан вэ гэхээр иргэдэд энэ боломжийг өгөхгүй, санхүүгийн механизмыг шийдэхгүй байсантай л холбоотой. Нэг үгээр төр бүх ажилд нь оролцож байсан. Харин энэ удаад иргэд өөрсдөө оролцоод, шийдээд явах юм байна гэж ойлгох нь зөв үү?
Тэгэлгүй яахав. 10 айл нийлээд тухайн газартаа сайхан дэд бүтэц хийгээд 60 айлын таун хаус барьчихна. Ингээд 10-т нь өөрсдөө ороод 50 айлаа зарж болно. Газар дээрээ юу ч хийж болно. Эсвэл энэ дэд бүтцийг аваад сүүний чиглэлийн, махны чиглэлийн үйлдвэр барьж болно. Нэг ёсондоо зүгээр нэг орон сууц барих биш газар дээрээ бизнес хийх боломж олгож байна.
Бизнесээс гадна бас нэг зүйл байна. Бид суурин иргэншлийн иргэд юм бол тус тусаа амиа бодоод галаа түлээд амьдрах биш, бид эвлэх ёстой юм байна.
Хоршоол, нөхөрлөл бол. Тэгээд хотхон барь. Бизнес хийгээчээ л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл өрх бүр бизнес хий л гэж санал болгож байгаа юм. Ер нь гэр хорооллын асуудал гэдэг нь дэд бүтцийн л хангамжийг шийдэх асуудал байгаа юм. Харин энэ удаад ажил явуулах кноп дарагдчихлаа. Би иргэдээ аль болох нийлж, нэгдээд энэ ажилд оролцоосой л гэж бодож байна. Инженерийн дэд бүтцээ татаад орон сууц барь. Өөрсдөө ороод үлдсэн орон сууцаа худалдаж авахад Засгийн газраас 5 хувийн зээлээр авах боломж олгочихлоо. Түүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөөс нийслэлийн албан хаагчид орон сууц авах бол урьдчилгаа төлбөрийн 50 хувийг хот гарганаа гээд бас боломж гаргачихсан байгаа. Гэр хорооллынхонд бол түүхэнд байгаагүй бизнесийн багц ирж байна.
Тэгэхээр “Сайн хашаа” хөтөлбөр нь хашаа будах, хаалга үүдэнд хээ тавих гэж байгаа тухай ойлголт биш. Гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох бүтээн байгуулалтын том ажил гэж ойлголоо.
Би нэг зүйлийг хэлмээр байна. Харамсалтай нь сонгууль дөхөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн улстөржүүлж байна. Би өмнө нь ч хэлж байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг битгий улс төржүүлээрэй. Энэ “Сайн хашаа” хөтөлбөр аль нэг намаар ялгахгүй. Харьяалал харгалзахгүй. Газартай л бол хамрагдана. Саяхан Нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч дахин төлөвлөлтийн ажлыг болилуулна, буруу гэж бодож байна гээд ярилцлага өгч байхыг харлаа. Юу гэсэн үг вэ. өөрөөр яаж утаагүй болох юм бэ, өөр яаж гэр хорололгүй болох юм бэ?. Ингэж л улстөржүүлмээргүй байна. Ерөнхий сайд сая нэг зүйлийг маш чухалчилж хэлсэн. Малчдад малыг өгсөн малаа хариулаад сайхан амьдарч байна. Орон сууцтай иргэдэд орон сууцыг өгсөн үүнийгээ ашиглаад амьдарч байна. Харин гэр хорооллын иргэдийг орхигдуулсан гэсэн юм. Үүнийг л одоо шийдэж байна. Сонгууль болдгоороо л болно. Харин хүмүүс сайхан амьдармаар байна. Хотоо гоё болгож, эрүүл орчинд амьдармаар байна.Би тэдэнд хэлээд байгаа юм. Дахин төлөвлөлтийн ажлыг улстөржүүллээ гээд намайг хорлож байгаа юм биш. Манай иргэдийг, хотыг хорлож байна л гэсэн үг.
эх сурвалж: www.ulaanbaatar.mn