богино мэдээ New

Хандиваар амьдардаг Монгол

Ийм төрлийн хандив гуйсан зар өдөр алгасахгүй гарах болсон нь харамсалтай. Тиймээс “25 дугаар суваг” телевиз “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэн Түлэнхийн төвд нэн шаардлагтай байсан хоёр төхөөрөмжийг 110 сая төгрөгөөр худалдан авч өгсөн юм..

Сэтгүүлч Х.Монголхатан

    Монголын өнөөгийн нийгэм хандив гэх гоёмсог нүүртэй болоод удаж байна. Хандив цуглуулж асуудлаа шийдээгүй салбар, хандивт нэгдэж тусламж үзүүлээгүй хүн бараг үлдээгүй биз.

Өвчин гарлаа, зуд боллоо, хавдар ихэслээ, хүүхдээ түллээ, эмнэлэг барьж, өргөтгөх гээд хэлэхгүй шалтаг, гарахгүй шалтгаан алга. Аргагүй дээ, төр засаг нь гуравхан сая хүн амаа аятайхан амьдруулж, асуудлыг нь шийдэж чадахгүй болохоор аргаа барсан хүмүүс түмэн олноосоо тусламж гуйхаас өөр яах билээ.

Хамгийн сүүлд гэхэд 0-9 сартай бяцхан үрсэд халтай улаанбурхан өвчний дэгдэлт үүний тод жишээ юм. Улсын хэмжээнд ажилладаг халдвартын ганц эмнэлэг нь ачааллаа дийлэхээ байж, эм тариа, зүү тариур, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй болсон. Хорвоод мэндлээд хэдхэн сар болж буй үрсээ ийн цаг бусын өвчнөөр алдаж буй харамсалтай байдлыг хэн ч хараад зүгээр суух боломжгүй. Тиймээс хүмүүс хэний ч тушаал шийдвэрээр бус сэтгэл зүрхээрээ нэгдэн, өөрсдийн боломжоороо тусламжийн гараа сунган хандивт нэгдэж эхэлсэн.

Тухайлбал, Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж улаанбурхан өвчнөөр өвдөн эмчлүүлж буй нярай хүүхдүүдэд зайлшгүй шаардлагатай байгаа 2000 ширхэг уян зүү, 10 сая төгрөгийн өртөг бүхий хоёр ширхэг монитор аппаратыг Япон улсаас захиж авчран өгсөн юм. Мөн автомат шахуурга 5-6 ширхгийг захисан нь тавдугаар сарын дундуур ирэх юм байна.

Энэ бол нэр алдарт хүрсэн, олонд хүндлэгдсэн хүний бусдадаа нийгэмд үзүүлсэн үлгэр дууриал, сайхан сэтгэлийн тусламж юм. Үүний адил энгийн иргэд, байгууллага хамт олон ч тусламжийн гараа сунгасан нь хил хязгаараар зааглагдсангүй. Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань цахим ертөнцөөр нэгдэн, улаанбурхан өвчинтэй тэмцэн буй бяцхан хүүхдүүдэд хэрэгтэй тоног төхөөрөмж, эд материалыг хандивласаар байна.

ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санкт-Петербург хотын цэргийн академид суралцаж буй оюутнууд, тус хот дахь хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80&80 холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулж, ОХУ-аас "Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч" аппарат дөрвөн ширхэг, тарианы памп хоёр ширхэг, пульсоксиметр зургаан ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхгийг илгээснийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгснийг хэвлэлийнхэн мэдээлж байсан. Энэ бол зөвхөн нэг жишээ. Солонгосоос, Америкаас гээд сайхан сэтгэлтэй монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс эх орондоо тусламжийн гараа сунгаж, хандив өгсөөр байсан юм.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр туслах нь дээр гэдэг. Үнэхээр хорвоод мэндлээд удаагүй жаахан үрсээ эмнэлгийн хүртээмжгүй үйлчилгээнээс болж буцаан явуулна гэдэг байж боломжгүй зүйл учраас л бид хандив цуглуулж, хандивт нэгдэж, хандивт баярлаж сууна.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр энэ олон сайхан мэдээлэл дунд бас саар зүйлс гарах юм. Австри улсад ажиллаж амьдардаг монголчууд улаанбурхан өвчинтэй хүүхдүүдэд хэрэгтэй утлагын аппаратыг илгээсэн нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийнхны хүнд суртлаас болж 10 хоног гацжээ. Энэхүү хандивын ажлыг санаачилсан иргэн Ж.Эрхэмбаяр яамдаас авчрахыг шаардсан бичгийг авах гэж яам, агентлагуудад удаа дараа хандсан ч асуудлыг нь шийдэж өгөхгүй байсаар ийн олон хоножээ.

Хэдийгээр хил гааль хэрэгтэй бичиг баримтаа шаардах нь зөв ч, нэг минутын ч өмнө болов өвчтэй хүүхдүүд дээр очвол тэдний амь нас эрүүл мэндийг аварч чадах тоног төхөөрөмж ийнхүү хэдэн бичиг цааснаа болж 10 хоног гацжээ. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад хандсанаар асуудлыг шийдэж өгснөөр зургаан аймгийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандивын аппаратуудаа хүлээлгэн өгсөн байна.

Олонхийг хамарсан халдварт өвчнөөс гадна Монголд эмчлэгдэх боломжгүй ховор тохиолдлын өвчнүүд, төрөлхийн гажигтай хүүхдүүд олон төрж байна. Энэ бүхэнд өнөөдрийн аяга хоол, автобусны мөнгөө яаж гэж яваа хүмүүст хандив гуйхаас өөр сонголт байдаггүй. Манай эрүүл мэндийн тогтолцоо алдаатай, тоног төхөөрөмж муутай, эмч нарын чадвар, ёс зүй асуудалтай гээд тоочоод байвал шалтаг олон.

Хамгийн харамсалтай нь эцэг эхчүүд өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж бяцхан үрсээ халуун тогоонд түлж эрүүл мэндээр нь хохироох нь сүүлийн жилүүдэд эрс ихэссэн. Гэтэл түлэнхийн эмчилгээ, хагалгаанд маш их мөнгө шаардлагатай болдог. Ийм төрлийн хандив гуйсан зар өдөр алгасахгүй гарах болсон нь харамсалтай. Тиймээс “25 дугаар суваг” телевиз “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэн Түлэнхийн төвд нэн шаардлагтай байсан хоёр төхөөрөмжийг 110 сая төгрөгөөр худалдан авч өгсөн юм.

Мөн сүүлийн жилүүдэд хавдар гэх чимээгүй тахал монголчуудыг эзэлж байгааг судалгаа тоо баримтаас харж болно. Тиймээс сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цэнзүргүй яриа-Хавдрын эсрэг” аянг санаачлан эрт оношлогооны компьютер томографф болон ХСҮТ- ийн өргөтгөлийн барилгыг дуусгах 4.5 тэрбум төгрөгийг 2016 оны улсын нэгдсэн төсвөөс хассан байсныг буцааж суулгаж чадсан юм.

Тэрээр одоо ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн төсгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ж.Чинбүрэн, гавьяат жүжигчин Т.Ариунаа, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хөтлөгч Б.Гантигмаа, ХСҮТ-ийн их эмч Р.Мөнхбат, ХСҮТ-ийн эмч Б.Мөнхдэлгэр, хуульч, өмгөөлөгч Л.Шинэн нарын хамт “Элэг нэгт монголчууд сан” байгуулж, Монголд анх удаа хавдартай элгийг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд шаардагдах хандивыг цуглуулахаар нийт монголчууддаа хандаад байгаа. Энэ мэтчилэн эрүүл мэндийн асуудлаарх хандив тасрахгүй байна.

Харин байгалийн онц үзэгдэл болох ган зудын эсрэг монголчууд хэрхэн нэгдэж чаддагийн сүүлийн жишээ бол энэ хавар 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай, 15 аймгийн 51 сумын малчид “Цагаанаар зудархуу” байдалтай хаваржиж байгаагаас малчин түмэндээ сэтгэлийн дэм болгож өвс хандивлахаар гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан хоёр “Хаврын найраг” хандивын тоглолтыг хийсэн юм.

Тэд дөрвөн өдрийн тоглолтын орлого болон ЕБС-ийн сурагчид, хувь хүмүүсийн хандиваар нийтдээ 12000 боодол буюу 240 тонн өвс, 40 тонн малын тэжээл, 150 ширхэг 20 литрийн усны сав, 8000 элгэвч, нэмнээг цуглуулснаа Улсын онцгой комисс, Онцгой байдлын албанд хүлээлгэн өгсөн.

Олны хүч оломгүй далай гэдэг. Гэхдээ үргэлж бусдын тусламж хандиваар улс орны асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Энэ бол арга ядсан шийдэл. Харин Монголын төр, засаг тогтвортой байж, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, хандивын аянаар бүх асуудлаа шийддэг энэ муу зангаа хэзээ халах бол...

Зууны мэдэ