Энэ амралтын өдрөөр буюу энэ сарын 30-ний өдөр 19.00-20.00 цагийн орчимд Багшийн дээдийн автобусны буудал дээр үл таних залуус оюутнуудад мөнгө тараасан гэх мэдээлэл гарсан билээ. Тодруулбал, 00-06 УНК улсын дугаартай, хар өнгийн Жи класс машинд сууж явсан залуус 10, 20 мянгатын дэвсгэртүүдийг автобусны буудлын орчим байсан иргэд рүү цацчихаад явсан аж.
Мөн Улаанбаатар их дэлгүүрийн ард талын автобусны буудал, хүнсний 20-ын автобусны буудал зэрэг хүн их цугладаг газруудад дахин мөнгө тараасан байна.
Харин хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр энэ тухайд "цагдаагийн байгууллага мэдээллийн мөрөөр уг асуудлыг шалгаж, тогтоох үүрэгтэй. Иргэн, хувь хүн гомдол гаргасан, гаргаагүй уг асуудлыг ямар шалтгаантай эсэхийг шалгаж тогтоох ёстой. Сонгуулийн жил тохиож байгаатай холбогдуулан улс төрийн зорилгоор иргэдэд мөнгө тараасан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 132.1, 82.1-т зааснаар хуулийн хариуцлага хүлээж, 15-25 жилийн ял оноох үндэслэлтэй. Уг хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж тогтоох шаардлагатай" гэжээ.
Ш.Адъяамаа
Эх сурвалж: www.Breakingnews.mn