ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрөгч сард манай улсад албан айлчлал хийхээр ирэхдээ жийнсэн өмдтэй байсан нь түүнийг хэл амны бай болгоод байгаа билээ. Тэгвэл энэ сэдвээр гадны сонин сэтгүүлүүд ОХУ Монгол улсыг үл тоосон, дипломат ёсыг уландаа гишгэлээ гэж ихээхэн шүүмжилж байгаа.
Уг асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас албан ёсны тайлбар өгсөн юм. “ОХУ-ын айлчлалын бүрэлдэхүүн онгоцонд хоносон учраас чөлөөт хувцас өмссөн. Монгол Улсад газардсаны дараа зочид буудалд албаны хувцсаа сольж өмсөн албан уулзалтанд очих төлөвлөгөөтэй байсан. Онгоцонд хоносон учраас биед эвтэйхэн чөлөөт хувцасаа өмссөн. Энэ тохиолдолд албан хувцастай шөнийг өнгөрөөнө гэдэг утгагүй зүйл. Нөхцөл байдал бүрт ингэж хувцаслах ёстой гэж заасан дүрэм дипломат ёсонд байхгүй. Тиймээс ямар нэг буруу зүйл хийгээгүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн.
Гэтэл Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн профессор Павел Лядов “Хэрэв алдаа гарсан гэж үзвэл энэ бол протоколын алдаа. Уг алба нь уулзалтын үед ямар ёслол болох, ёслолд юу юу багтахых урьдчилан мэдэгдэх ёстой бөгөөд, ёслол нь хүндэтгэлийн элементтэй бол хувцас албаных байх ёстой” гэж цахим сүлжээнд тайлбарлажээ.