МАХН-ын удирдлагууд Бага хурал болон сонгуульд хэрхэн оролцох талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хуулийн тодорхой хугацаанд нам, эвслүүд сонгуульд ямар байдлаар оролцох вэ гэдгээ мэдэгдэх ёстой. МАН МАХН-тай энэ сонгуульд эвсэж орохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэд өнөөдөр СЕХ-нд МАН дангаараа орно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. МАН анхнаасаа МАХН-тай эвсэж орох хүсэлгүй байсан нь батлагдлаа. Манай нам Ногоон намтай эвсэх тухай асуудлыг ярьж байсан. Ногоон нам Тусгаар тогтнол эв нэгдлийн намтай эвсээд тамгаа барьцаалчихсан гэж дуулсан. Тийм учраас Ногоон намтай эвсэх тухай асуудлыг дахин яриагүй.
Өчигдрийн байдлаар ИЗНН-тай эвсэх тухай асуудлыг ярилцаж намын дарга С.Оюун, Ц.Ганхуяг нартай уулзсан. Ц.Ганхуяг дарга нь манай намтай эвсэх сонирхолтой байгаа. Ажлын хэсэг байгуулсан гэдгээ ч хэлсэн. Харин С.Оюун, С.Дэмбэрэл нар өөр, өөр байр суурьтай байгаа юм билээ. С.Оюун даргын хувьд Ардчилсан намтай нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс өөр намтай эвсэх тухай асуудлыг дэмжихгүй байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингээд бид ойлголцоод, энэ асуудал мухарлагдсан” гэв.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Үндэсний Аудитын газарт Мөрийн хөтөлбөрөө хэзээ өгсөн бэ. Хуулийн хугацаандаа амжиж өгсөн үү?
-Бид Ардын намтай 19-ний өдөр уулзаж мөрийн хөтөлбөрөө хамтран боловсруулья, 20-ны өдөр өгөөрэй гэсэн зөвлөмжид нь нийцүүлье гэсэн. Ардын нам татгалзсан. Тэгээд юу ч гэсэн СЕХ, Аудитын газартай зөвлөөд үзэхэд тэд юу ч гэсэн өгчихсөн дээр, эвсэх тухай асуудлыг хуулийн хугацаанд эцэслэн шийдээд дараа нь нийлүүлээд ч юм уу, тодруулаад ч юм уу өгч болно гэж хэлсэн. Бид зөвлөмжийн хугацаанд нь нийцүүлээд 20-ны өдрийн 17:25 цагт өгсөн. Бас Ардын намыг жаахан харж байгаад Э.Эрдэнэжамъян дарга аваачиж өгсөн.
-Та энэ сонгуульд нэр дэвших үү?
-Намайг ялтай, ялгүй гэж ярьж байгаа. Гэхдээ яриад байх зүйл байхгүй. Би ялгүй. 2009 оны Өршөөлийн хуулиар надад хүчээр тулган, хэлмэгдүүлж байсан 263 гэдэг зүйл өршөөлд хамрагдсан. Тиймээс ялтайд тооцох асуудал байхгүй. 2015 оны Өршөөлийн хуулиар надад тулгаж байсан 150.3 гэдэг зүйл хамрагдсан учраас ялтай байдал өршөөгдсөн. Гэтэл үүнийг улс төржүүлээд, Н.Энхбаяраас айгаад сонгуульд оруулахгүй гэсэн атгаг санаа өврөлсөн өндөр албан тушаалтнууд энэ асуудлыг хиймлээр бий болгож, эргэлзээ төрүүлж, сонгуульд оролцуулахгүй байгаа хүслээ биелүүлэх гэж зүтгэж байгаа. Гэхдээ энэ сонгууль бол Н.Энхбаяргүй болвол ардчилсан биш сонгууль болно.
Би сонгуульд орно. Ямар нэгэн хууль зөрчсөн хориг байхгүй. Гэхдээ зохиомол хэрэг үүсгэж, сонгууль болохоос өмнө шийдвэр гаргах гэж улайрч байгаа. Утгагүй асуудлуудыг над дээр тулгаж, айлган сүрдүүлэх ажиллагаа явагдаж байгаа” гэлээ.
www.amidral.mn