Баруун хязгаарын Баян-Өлгий аймагт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй олон сая төгрөгийн өртөгтэй тендер, төсвийн хөрөнгүүд үр ашиггүй зарцуулагдаж байгаа талаар хэвлэлүүд олонтаа бичиж байсан удаатай. Түүнчлэн бид өмнөх дугаартаа дээрх хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөв мөнгөтэй холбоотой тендерүүдийг аймгийн удирдлагууд өөрийн ах дүү амраг садандаа шүүхээс гарсан шийдвэрийг үл огоорч хэрхэн яаж авч өгсөн талаарх нийтлэлийг хүргэж байсан.
Тэгвэл энэ удаад тус аймгийн удирдлагууд төсвийн тусгай сангийн хөрөнгө болох халамжийн мөнгийг ямар зүйлд яаж зарцуулсан тухай мэдээллийг баримтад түшиглэн өгүүлэх болно. Өөрөөр хэлбэл Халамжийн сангийн нэг тэрбум орчим төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан тухай мэдээллийг энэ сарын 05-ны өдөр шалгуулахаар тус аймгийн Өлгийн сумын нэр бүхий иргэд АТГ-т өргөдөл гомдлоо өгчээ. Уг нь энэхүү асуудлыг тус аймгийн иргэд аймгийн цагдаа прокурорын байгууллагаар шалгуулахыг хүссэн ч Ардчилсан намын угшилтай нөхдийг хамгаалж өмгөөлж болзошгүй хэмээн үзэж ийнхүү АТГ-аар шалгуулахаар болсон нь энэ аж. Хэрвээ уншигчид санаж байгаа бол энэ сарын 14-ны өдөр АТГ-ынхан тус аймагт ажиллахдаа тухайн аймагт хэрэгжсэн тендерийн биелэлт, төв талбайн тохижилт, дарга нарын томилолт, дөрвөн шинэ цэцэрлэгийн асуудал, шүлхий өвчний үед гаргасан зардал зэргийг иргэдийн мэдээлэл дээр үндэслэн шалгасан юм.
Халамжийн сангийн нэг тэрбум төгрөг хаачсан бэ Ингээд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй төсөв хөрөнгийг яагаад шалгуулах болсон тухайг дурьдая. Тус аймгийн төсвийн ерөнхий орлогын дансанд 2013 оны жилийн эцэст төвлөрүүлсэн Халамжийн сангийн үлдэгдлээс 2014 оны эцэст халамжийн сангаас зарцуулагдаагүй 1261.2 сая төгрөг байсныг 2015 онд юунд ямар зориулалтаар зарцуулсан эсэх нь тодорхой бус байгаа учраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэж буй аж. Тодруулбал, аймгийн ИТХ-ын 2014 оны 36 дугаар тогтоолоор 424.7 сая төгрөг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны найман удаа гарсан тогтоолоор 548.3 сая төгрөг нийт 975,7 сая төгрөгийг бараа үйлчилгээний урсгал зардалд зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ-ын 2014 оны 36 дугаар тогтоолоор 2013 оны төсвийн үлдэгдэл буюу халамжийн сангийн мөнгөнөөс аймгийн Засгийн даргын нөөц хөрөнгөнд 224.7 сая төгрөг, халамжийн санд 200.0 сая, 69.0 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулахаар баталжээ.
Түүнчлэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны найман удаагийн тогтоолоор 548.3 сая төгрөгийн зарцуулалтыг бүтцээр нь авч үзвэл 4.8 хувийг нөхөн сонгуулийн зардалд, 8.1 хувийг цалинд, 4.5 хувийг гадаад албан томилолтод, 8.4 хувийг шатахуун тээвэрт, 37.8 хувийг автомашин, тоног төхөөрөмж, хөрөнгө худалдан авалтад, 14.5 хувийг урсгал засвар, гэх мэтээр зарцуулсан аж. Ямартай ч дээр дурьдсан зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг нийгмийн халамжийн сангийн хөрөнгөөс бүрдүүлсэн гэсэн үг. Дашрамд дурьдахад Монгол Улсын Ниймгийн халамжийн тухай хууль нь өөрөө маш олон заалттай, юу юунд зарцуулах вэ гэдэг нь тодорхой байдаг учраас хуулийн заалтыг нэг бүрчлэн бичихийг хүссэнгүй.
Угтаа бол аймгийн Засаг дарга Х.Дармен дээрх хуулийн заалтад үндэслэж хөрөнгө мөнгийг зарцуулахыг үүрэгдсэн аж. Гэтэл ИТХ-ын дарга Б.Лазатхан Засаг даргынхаа дурдсан хуулийг ноцтой зөрчсөн нь зүгээр нэг зөрчил биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйл буюу Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 273 дугаар зүйлийн Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн гэмт хэргийн шинжийг агуулсан учраас ийнхүү хуулийн байгууллагад шалгуулахыг хүсчээ. Өлгий сумын иргэд нэг тэрбум орчим төгрөгийг зориулалтын бусаар бусад зүйлд зарцуулсан гэж үзэж байгаа аж. Тухайлбал, нөхөн сонгууль, цалин хөлс, гадаад албан томилолт, шатахуун тээвэр, урсгал засвар, биеийн тамир уралдааны зардал, интернетийн сувгийн түрээс, вэб сайт шинэчлэх, зэрэг зардлыг санхүүжүүлсэн асуудлыг шалгаж өгөхийг хүсчээ. Мөн дараагийн асуудал нь 2014-2015 онд тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өлгий суманд барьсан дөрвөн хүүхдийн цэцэрлэг. Энэхүү дөрвөн цэцэрлэгийг тус аймгийн Засаг дарга Х.Дармен, орлогч дарга Н.Санатбек, Тамгын дарга Т.Манкей, Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай нарын ар талд байдаг хувийн компаниуд барьсан гэж нутгийнхан мэдээлж байна.
Энэхүү үйлдлийн цаана ашиг сонирхлын зөрчил нуугдаж, улсын төсвөөр хийгдэж байгаа ажлыг хувийн ашиг сонирхолд нийцүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил бүхий компаниудыг тендерт шалгаруулсан асуудал нуугдаж байгаа гэж тэд үзэж буй юм. Тиймээс дээрх асуудлыг шалгахаар АТГ-аас мөрдөгчид тус аймагт ажиллаж баримт материалыг шалгаж эхэлсэн гэсэн үг. Уг нь энэ асуудлаар өмнө нь аймгийн ИТХ-ын ажлын алба хуулийнханд хандахад “Энэ халамжийн сангийн мөнгө биш харин халамжийн сангийн үлдэгдэл мөнгийг жилийн эцэст орон нутгийн санд төвлөрүүлэн зарцуулсан нь аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал, төсвийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа нь гэмт хэргийн шинжгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй” хэмээж байжээ. Уг нь халамжийн хуулинд “8.1-т Тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид зарцуулна. 8.2-т Нийгмийн үйлчилгээний сангийн хөрөнгийн дараахь үйлчилгээ, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна” гэж заасныг аймгийн ИТХ-ын ажлын албаныхан онцолож байсан аж. Шударга шүүхийн өмнө толгой гудах цаг айсуй Яг үнэндээ эрх мэдэл, эд хөрөнгөтнүүд төрийн албыг хувийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгоод удаж байгаа.
Ёгтолж хэлэхэд “Төрийн албан хаагч, дарга, удирдлагууд өөрийн болоод ойр дотныхоо хүмүүсийн бизнесийг дэмжихийг тендер гэж нэрлэнэ” хэмээх хэлц үг гараад удаж байна. Ямартай ч хэрэг хуучирдаггүй гэгчээр Монголд хууль хүчний байгууллага, тусгайлсан арга хэмжээ авах, авлига хээл хахуультай тэмцэх газар хүртэл байгаа болохоор эрх мэдэлтнүүд шударга хуулийн өмнө шүүгдэх цаг ирдэг жамтай. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн төрийн байгууллагын удирдлагууд эрх мэдлээ ашиглаж ах дүү амраг садандаа хэдэн зуун саяын үнэтэй тендер авч хөрөнгө мөнгийг нь хувьдаа зувчуулсан асуудал шалгагдаж зохих ялаа авч байсан гашуун түүх бий.
Ямартай ч муу юм модон улаантай гэгчээр төрийн албан тушаалыг амин хувьдаа ашигласан этгээдүүд хуулийнхны хараанд өртөж, шалгагдаад эхэлсэн байгаа. Хамгийн гол нь Монгол Улсад шүүх л хүнийг гэм буруутайг эцсийн байдлаар тогтоодог. Түүнээс өмнө ямар ч гэмт үйлдэл хийсэн этгээдийг яллах, буруутгах үндэслэл, хувь хүн, албан байгууллагад байдаггүй учраас дураараа тансаглаж дунд чөмгөөрөө жиргэж буй хурган дарга нарыг хуулийнхан шалгаж, хэтэвчээ зузаатгаж байгаа энэ мэтийн үйлдлийг нэн даруй таслан зогсоох цаг ирсэн гэдгийг сануулах хэрэгтэй байх.
Эх сурвалж: