Үндэсний өдөр тутмын Засгийн газрын мэдээ сонин
Хэд хоногийн өмнө нэгэн содон намтартай хүнтэй ярилцах завшаан тохиолоо. ЗХУ-д Тамбовын цэргийн сургуульд цөм, химийн зэвсгийн шинжээчээр суралцаж төгссөн тэрбээр эх орондоо ирээд мэргэжлийнхээ дагуу олон жил ажилласан.
Хожим нь НҮБ-ын харьяа Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад мэргэжлийн шинжээчээр 10 жилийн турш ажиллажээ. Улмаар химийн зэвсгийг устгах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан учир 2013 онд багаараа Нобелийн энх тайвны шагнал хүртэж байв. Ингээд доктор, хурандаа Д.Эрдэнэцогтын яриаг хүргэе.
-Та одоо эрхэлж байгаа ажлынхаа талаар бидэнд сонирхуулаач?
-Зэвсэгт хүчин, Батлан хамгаалахын сайдын тушаалаар НҮБ-ын харьяа Химийн зэвсэг хориглох байгууллагад арав гаруй жил ажиллаад өнгөрсөн нэгдүгээр сард Монголдоо бүрмөсөн ирээд байна.
Үндсэн гэрээ дууссан ч цэрэг, улс төрийн байдал, химийн зэвсгийн хэрэглээнээс шалтгаалаад шаардлагатай үед дуудагдаж магадгүй. Нутагтаа ирээд цэргийн хүний ёсоор Батлан хамгаалахын сайд, жанжин штабтаа илтгэхэд сайд намайг зөвлөхөөрөө ажиллаач гэсэн. Ингээд сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Мөн нийгэм, хүмүүнлэгийн ажил руу түлхүү орох үүднээс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.
-Тань шиг хими, биологийн зэвсгийн мэргэжилтэн Монголд хэр олон байдаг юм бол?
Манайх мэргэжилтнээ хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ? -Монгол Улс социализмын үед ЗХУ-д цөм, хими, бактерлогийн зэвсгийн мэргэжилтнүүдээ бэлтгэж эхэлсэн. Энэ нь Монгол Улс ийм төрлийн зэвсэгтэй болно гэсэн үг биш. Харин цөм, химийн зэвсгийн талаар тодорхой хэмжээнд мэдэж, болзошгүй аюулаас хамгаалах ёстой гэсэн үүднээс бэлтгэж ирсэн. Одоо ч гэсэн цөм, бактерлогийн зэвсгээс хамгаалах анги, салбарууд байгаа.
-Олон хүүхэдтэй малчин айлын хүү цэргийн, тэр тусмаа хими, биологийн зэвсгийн мэргэжилтэн болсон түүх тань сонирхол татаад байна...
-Манай аав Халх голын дайнд оролцож явсан хүн л дээ. Дайн дажин дууссаны дараа нутагтаа ирж, малаа маллан амьдарч байгаад намайг дунд сургуульд байхад нас барсан юм.
Тэр үед ах маань цэрэг байсан учраас ар гэрийн бүхий л ажил миний нуруун дээр ирсэн. Багаасаа хатуу хөтүүг үзэж, сургуулийн дотуур байранд хагас цэргийн зохион байгуулалттай амьдарч байсан учраас цэргийн сургуульд орох хүсэл эрмэлзэлтэй байлаа.
Намайг аравдугаар анги төгссөн 1979 онд цэрэг, улс төрийн байдал маш хүнд байв. Тиймээс төр засгийн бодлого, шийдвэрийн дагуу цэргийн боловсон хүчнээ ЗХУ-д түлхүү бэлтгэж эхэлсэн.
Аравдугаар ангиа онц төгссөн учраас конкурсгүйгээр Тамбовын цэргийн дээд сургуулийн хуваарь аваад 1980 онд элсэж, 1986 онд төгссөн. Өнгөрсөн хугацаанд салаан захирагчаас эхлээд БХЯ-ны газрын дарга хүртэл бүх албан тушаалд дэвшиж ажиллалаа. Дотооддоо 25, гадаадад арав гаруй жил ажилласан юм байна.
Бид НҮБ-ын шугамаар энэ хоёр улсад байсан химийн зэвсгийн бараг 90 хувийг устгасан
-Сургуулийнхаа талаар сонирхуулбал?
-Тамбовын цэргийн сургуульд монголчууд 1930-аад оноос сурч эхэлсэн юм. Халх голд байлдаж байсан морин цэргийн дарга нар бүгд энэ сургуулийг төгссөн байдаг. Сургуулийн үйл ажиллагаа улс төр, дайны нөхцөл байдлаасаа шалтгаалаад өөрчлөгдөж ирсэн юм билээ.
-Арван жилээ дөнгөж төгссөн хүүхэд харь орны цэргийн том сургуульд элсээд орчихлоо. Очсоны дараа шантрах зүйл тохиолдож байв уу?
-Тухайн үед ЗХУ-д сурна гэдэг агуу завшаан байж. Тиймээс энэ боломжийг бурхны ивээл гэж ойлгосон. Очиход халуун устай, хангамж сайтай дулаан байр, сайхан орчин угтаж авсан л даа. Хөдөөгийн сургуулийн дотуур байранд арван жилийн турш цэрэг хүн шиг амьдарсан миний хувьд диваажингийн орон шиг л байсан.
-Цөм, химийн зэвсгийн ангиа та өөрөө сонгож авсан уу?
-Эгч маань химийн багш. Эгчийнхээ нөлөөгөөр химид дуртай болж, сургуулийнхаа аваргаар хэд хэдэн удаа тодорч байлаа. Тиймээс энэ ангийг сонгосон юм. Тухайн үед химитэй холбоотой анги юм байна гэж сонгосноос биш цөм, химийн зэвсэг судална гэсэн ямар ч ойлголтгүй байлаа.
-Таныг сурч байх үед цөм, химийн зэвсгийн нөхцөл байдал амаргүй байсан уу?
-1970, 1980-аад он бол хүйтэн дайны оргил үе. Тиймээс ЗХУ цөмийн зэвсгийн мэргэжилтнээ эрчимтэй бэлдэж байсан. Тухайн үед оросуудын шинжлэх ухааны салбарт зарцуулж буй мөнгөний 75 хувь нь цэргийн технологид ногддог байсан гэсэн тоо бий. Манай сургуулийн багш нар л гэхэд цөм, химийн зэвсэг хийхэд гар бие оролцсон хүмүүс байсан.
-Хүйтэн дайны үед цөмийн зэвсгийн хүчээр аль улс нь илүү байсан юм бэ?
-Хүйтэн дайны үед үндсэндээ ЗХУ, АНУ гэсэн хоёр улс л хоорондоо зэвсэглэлээр өрсөлдсөн байдаг. Франц, Англи, Хятад, Энэтхэг, Пакистан зэрэг цөмийн зэвсэгтэй бусад улс хол хоцорсон. Өнөөдөр цөм, химийн зэвсгийн 90 хувь нь зөвхөн Орос, Америк гэсэн хоёрхон улсад байна гээд бод доо.
Харин ч бид НҮБ-ын шугамаар энэ хоёр улсад байсан химийн зэвсгийн бараг 90 хувийг устгасан. Намайг ажиллах 10 жилийн хугацаанд өдөр шөнөгүй ажиллаж байсан мөртлөө бүрэн устгаж чадаагүй. Үлдсэн 10 хувийг ойрын ганц, хоёр жилд устгаад дуусах байх. Энэ хоёр улс биенийхээ дээр гарах гэж өрсөлдсөөр байгаад ийм их зэвсэгтэй болсон хэрэг. Үүнийг устгахаас өөр аргагүй. Яагаад гэвэл хадгалж буй газар нутагтаа аюул учруулж байна. Мөн террористууд гартаа оруулаад авчихвал маш том аюул тарьж болзошгүй.
“Ямар ч харгис генерал тэр аюултай зэвсгийг хэрэглэж чаддаггүй юм”
Гэхдээ өнөөдөр хүн төрөлхтөн эрүүл саруул ухаанаар харж байна. Орос, Америк хоёр хоорондоо зөвшилцөөд 1997 онд химийн зэвсгийг хориглох байгууллагыг байгуулж, олон улсын конвенци бий болгосон. Үүний дагуу мэргэжилтнүүд дэлхий дээрх химийн зэвсгийн 80 гаруй хувийг устгасан.
Тэр дундаа байнга хэл ам таталдаг Ирак, Сири, Ливийн химийн зэвсгийг үндсэндээ устгаж дуусгасан. Үүнийхээ төлөө НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллагынхан багаараа Нобелийн энх тайвны шагнал хүртсэнийг дэлхий нийт мэдэж байгаа.
-Хими, цөмийн зэвсгийн хор хөнөөлийг ерөнхийд нь ойлгоод байна. Гэхдээ илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Химийн зэвсэг гэдэг нь хүний амь насанд аюултай дээд зэргийн хорт бодисыг зөөгч хэрэгслийнх нь хамт хэлж байгаа юм. Тухайлбал, нэг бөмбөг байлаа гэхэд түүнийг лабораторид гаргаж авдаг хороор дүүргээд их буу, пуужингаар буудаж, эсвэл онгоцоор бөмбөг хаяна.
Харин цөмийн зэвсэг гэхээр химийн хорны оронд цөмийн цэнэгт хошуу байрлуулна. Химийн зэвсгийг бол урвалд оруулаад, саармагжуулаад хор хөнөөлийг нь арилгаж болдог. Харин цөмийн зэвсгийн хор хөнөөлийг саармагжуулах ямар ч боломжгүй. Цацраг идэвхт хор гэдэг чинь нэг метр бетонон ханыг ч нэвтлээд гардаг нүдэнд үл үзэгдэх туяа байгаа юм. Ялангуяа гамма цацраг бол хэдэн зуун км тархах аюултай.
-Тамбовын сургуульд зургаан жил суралцсан мэргэжилтнээ Монгол Улс яаж ашигласан бол?
-Төгсөж ирээд хуваарилж өгсөн ангид очоод салаан даргаар ажиллаж эхэлсэн. Хими, радиацын тагнуулын салаан даргаар гурван жил, ротын даргаар гурван жил, тэгээд штабын дарга гээд яваад байна даа.
Монголчууд хүнд хэцүү томилолт руу хамгийн түрүүнд явдаг
Химийнхээ мэргэжлээр ЦИС-д эрдэм шинжилгээний ажил хийнэ. Дараа нь БХЯ-д эрдэмтэн, нарийн бичгийн дарга, ахлах мэргэжилтэн, газрын даргаар ажиллаж байгаад сүүлийн хэдэн жил НҮБ-д химийн зэвсгийн шинжээч хийлээ дээ.
-Цөм, химийн зэвсгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил манайд ямархуу түвшинд байдаг юм бэ?
-Хойно төгсөж ирсэн мэргэжилтнүүд цэргийн анги, байгууллагуудад ажиллаж байна. Үйлдвэрийн ямар нэг осол гарлаа гэхэд очиж ажиллах үүрэгтэй. Хэрэв Монголын нутаг дэвсгэрт гаднаас цөм, химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд хор уршгийг нь арилгах үүрэгтэй зэвсэгт хүчний анги салбарууд бий.
Гэхдээ Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх НҮБ-ын тогтоол гаргуулсан. Монгол Улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн баталгааг цөмийн зэвсэгтэй орнуудаар гаргуулсан. Тиймээс гаднаас цөм, химийн зэвсгийн цохилт өгөх нөхцөл байхгүй гэж мэргэжлийн хүний хувьд үзэж байгаа.
-Та ажлынхаа шугамаар хэдэн оронд ажиллаж байв? Үүргээ гүйцэтгэж явахдаа аюулд өртөж байв уу?
-Мэргэжлийн томилолтоор 30, 40-өөд оронд явсан байна. Арабын орнуудаар явахад аюул заналд байнга өртөнө. НҮБ, тухайн орны Засгийн газар бидний аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг учраас хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй.
Гэхдээ манай багийнхны сууж явсан машин руу автомат буу, танк эсэргүүцэх пуужингаар буудсан тохиолдол зөндөө бий. Гэхдээ бидний ажил өндөр нууцын зэрэглэлд байдаг. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг гараад байдаггүй.
Ер нь хаана ч очсон тухайн улсынхаа газар зүйн байдал, хүмүүсийн аж амьдрал, ёс заншлыг сайн судалдаг. Сонирхолтой орон гэвэл Энэтхэг байна. Цөм, химийн зэвсгийн объект нь битүү ширэнгэ дунд байдаг.
Мэргэжлийн хүний хувьд уран олборлохын эсрэг байр суурьтай байдаг
Гурав, дөрвөн давхар хамгаалалттай тийм газар гурван сар хаашаа ч гарахгүй байна гээд төсөөлөөд үз дээ. 40 градусаас дээш л хална. Тэгээд өдөр бүр химийн баг, өмсгөлөө өмсөөд аюултай зэвсгийг тоолж, устгана. Шөнөдөө маш халуун учраас хаалгаа онгорхой орхино. Унтаж байхад гүрвэл, мэлхий хүзүүн дээгүүр явж л байна. Могой өрөөнд ороод ирэх нь энгийн үзэгдэл.
Миний хувьд арав орчим жил ажиллахдаа НҮБ-ын зургаан хэлээр бүгдээр нь ярьж сурсан. Зэвсгийн объект руу 40, 50 градусын халуунд хооронд орно гэдэг амар ажил биш. Биеийн болоод сэтгэл зүйн бэлтгэл сайнгүй хүмүүс ухаан алдаж унах, хордох тохиолдол гарна л даа. Үүнээс эмээгээд хоронд орохоос зайлсхийнэ.
Хүнд хэцүү газар томилолтоор явахаас цааргална. Харин монголчууд хүнд хэцүү томилолт руу хамгийн түрүүнд явдаг. Хуулиараа бол энэ ажлыг долоогоос дээш жил хийж болдоггүй. Харин намайг байгууллагын хамгийн хэрэгцээтэй, туршлагатай шинжээч гэж үзээд 10 жил ажиллуулсан юм. Энэ бол монгол хүний чанар.
-Зарим улс цөмийн зэвсгийн туршилт хийлээ гэж сонсогддог. Энэ нь тухайн бүс нутагтаа тодорхой хэмжээгээр нөлөөлнө биз дээ?
-Цөмийн зэвсгийн туршилтыг бүрмөсөн хориглох олон улсын конвенци явагдаж байгаа. Ер нь Хойд Солонгосоос бусад нь цөмийн туршилтаа зогсоочихсон шүү дээ. Оросууд 1950-иад оноос эхлээд Баян-Өлгий, Увсаас цааш нутагт цөмийн зэвсгийн туршилт хийсээр ирсэн. Хятадууд ч гэсэн Шинжаан Уйгурын нутагт туршилт хийж л байлаа. Цацраг идэвхт тоосонцор Монголын нутагт тодорхой хэмжээгээр нэвтэрсэн байж л таарна. Гэхдээ аюул тарих хэмжээнд мэдрэгдээгүй байх.
-Дэлхий дээр цөмийн зэвсэгтэй хэдэн улс байна вэ?
-Арав хүрэхгүй ээ. Нийт цөмийн зэвсгийн 90 хувь нь Орос, Америкт бий. Энэ хоёр улс харилцан тохиролцсоны үндсэн дээр цөмийн зэвсгээ устгаж байгаа. Хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан Стратегийн цөмийн зэвсгийг бууруулах хөтөлбөр гэж бий. Бусад орныг үүнд нэгдэхийг уриалж байгаа. Гэхдээ уриалгыг дагаж, цөмийн зэвсгээ устгасан улс одоогоор алга.
-Хүн төрөлхтөн нэгнийхээ эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх гэж найддаг. Хэрэв ийм зүйл тохиолдвол шууд дэлхийн сүйрэлд хүргэх үү?
-Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд ямар ч улс орон цөмийн зэвсгийг хэзээ ч хэрэглэхгүй байх. Хэрэв хэрэглэвэл өөрийгөө устгаад зогсохгүй дэлхий нийтээрээ сүйрэх аюулд хүрнэ. Одоо их гүрнүүд аюулгүй байдлынхаа баталгаа болгож л цөмийн зэвсэгтэй болж байна.
Хэрэв цөмийн зэвсэг хэрэглэвэл наад зах нь асар их хэмжээний тоосонцор үүсэж, нар харагдахгүй болно. Газар дээр нарны энерги ирэхгүй болохоор юм бүхэн хөлдөж эхэлнэ. 80 градусын хүйтэнд хүмүүс тэсэхгүй шүү дээ. Тийм учраас хэн ч хэрэглэж зориглохгүй байх.
-Хойд Солонгосын асуудлыг яаж шийдэх хэрэгтэй юм бол?
-Химийн зэвсгийг хориглох конвенцид 190 гаруй орон нэгдсэн. Нэгдээгүй цөөхөн орны нэг нь Хойд Солонгос. Гэхдээ хэзээ нэгэн цагт тэд Өмнөд Солонгостойгоо нэгдэж, дайсагналцсан байдал үгүй болно гэж би итгэдэг. Энэ бол цаг хугацааны л асуудал. 1980-аад онд Зөвлөлт, Америк хоёр хоорондоо тэрсэлдэж, асар их цөм, химийн зэвсэг хуримтлуулж байлаа.
Гэтэл одоо хоорондоо харилцан тохиролцоод устгаж байна. Герман улс яаж хоёр хуваагдлаа. Харин одоо энэ бүхэн түүх болсон. Үүнтэй нэгэн адил хоёр Солонгос хэзээ нэгэн цагт нэгдэх болно. 1990 онд асар их цөм, химийн зэвсэгтэй ЗХУ задарсан. Тухайн үед түүнийгээ хэрэглээд хүчээр торгоож болох байсан шүү дээ. Гэвч тэгээгүй. Энэ бол хүн төрөлхтний гайхамшиг. Хэдий харгис генералууд байсан ч тэр аюултай зэвсгийг хэрэглэж чаддаггүй.
Хэрэв цөмийн зэвсэг хэрэглэвэл наад зах нь асар их хэмжээний тоосонцор үүсэж, нар харагдахгүй болно
-Манай улс уран олборлоно, олборлохгүй гээд хоорондоо маргалдаад байдаг. Аль нь зөв юм бэ?
-Ураныг хэзээ ч олборлож болохгүй. Уран олборлоно гэдэг газар дор байгаа цацраг идэвхт бодисыг газрын гадарга дээр гаргаж ирнэ гэсэн үг. Үүнд нь мал, хүн хордоно. Ураныг газар дор нь олборлох технологи бий. Энэ чинь газар дор химийн арга хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. Ингэснээр химийн уусмал газар дороо үлдэнэ. Тэр нь гүний усанд шингэж, эргээд хүн, малаа хордуулна.
Тиймээс би мэргэжлийн хүний хувьд уран олборлохын эсрэг байр суурьтай байдаг юм. Бид уран олборлож, атомын цахилгаан станц барина гэж яриад байгаа. Гэтэл хүн төрөлхтөн удахгүй экологийн хувьд цэвэр, хямд өртөгтэй эрчим хүчний өөр эх үүсвэр гаргаж авах гэж байна. Жирийн усыг бид мэднэ. Дундуур нь хуваахад устөрөгч, хүчилтөрөгч болно. Буцаагаад нийлүүлэхэд шаталт үүсээд, энерги ялгарна. Ийм технологи байна. Өөр судалгааны ажлууд ч бий.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Баярсайхан