Эдүгээ 300 орчим жилийн түүхтэй Завхан аймгийн төв Улиастай хотоос эртний эд зүйлс олдсон байна. 1691 ондМанж нар Халх Монголыг эзэлсний дараа Зүүн гарын хаант улсыг байлдан дагуулахаар Халх Монголын баруун нутгаар цэрэг байрлуулж, олон цэргийн хот байгуулсны нэг нь одоогийн Завхан аймгийн төв Улиастай юм. Тэгвэл 1733 онд суурь нь тавигдаж байсан энэ хотоос эртний эд зүйлс олдож ойрын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байгаа тухай мэдээллийг манай телевизийн Завхан аймаг дахь сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ ирүүллээ.
Улиастай хотын төвд байрладаг Цагдан хорих байр 1984 онд ашиглалтад орсон зориулалтын бус байр юм. Тиймээс 30:12 м-ийн харьцаатай 3 давхар нэг цэгийн үйлчилгээ бүхий албаны болон 80 хүний багтаамжтай цагдан хорих байрыг ШШГЕГ-ын дотоод орлогоор барих шийдвэр гарч ажлаа эхлүүлжээ. Шинэ байр барихаар төлөвлөсөн газрын хундаамнаас 120 гаруй машин шороо гарсаныг өнгөрсөн Пүрэв гарагт Улиастай сумын тамгын газраас зөвшөөрөл авсны дагуу хэд хэдэн газруудад асгасан байна. Асгасан шорооноос эртний эд зүйлс олдож, иргэд хундаам ухсар газар луу дайрч орохоор завдсан учраас одоогоор Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба өөрийнхөө обьектыг хамгаалсан байдалтай байгаа юм.
Асгасан шорооноос лам нарын малгай, бүс, судрын хэлтэрхий, бурхан, цөгц зэрэг шашны эд зүйлс түлхүү гарч байгаа учраас иргэд хэлмэгдүүлэлтийн үеийн лам нарынх гэж үзэж байгаа юм. Мөн хятад иргэдийн ихээр хэрэглэдэг байсан шаазан, нарийн ишт гаанс, төрөл бүрийн чулуун хөөрөг зэрэг зүйлс ч гарсан байна. Харин эртний эд зүйлс байсан гэх Цагдан хорих төв байрлаж байгаа энэ хэсэгт өмнө нь ямар нэгэн хийд байгаагүй, алдарт Улиастайн шорон 2000 метр орчим зайтай хуучин Туяа сонины үйлдвэрийн байрны хэсэгт байсан гэдгийг судлаачид хэлж байна.
Одоогоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын соёлын байцаагч олдсон эд зүйлс дээр хяналт тавьж бүртгэлжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.