Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ, орон нутгийн сонгууль болоход 78 өдөр буюу хоёр сар гаруйн хугацаа үлджээ. УИХ-аар шинэчлэн батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 155.1, 155.2-т зааснаар нам нэр дэвшүүлэх үйл ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, 5 хоногт дуусгах, бие даан нэр дэвшигч 55 хоногийн өмнө эхлүүлж, 7 хоногт дуусгана гэж заасан. Тэгэхээр УИХ, орон нутгийн сoнгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорход ердөө 20 гаруй хоног үлдсэн гэсэн үг. Хэдийгээр хуулийн хугацаа ийм боловч УИХ, орон нутгийн сонгуульд горилогчдын нэрс албан бусаар эхнээсээ тодорсоор байна. Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчдийн сурталчилгаа явуулах боломжтой хугацаа ердөө 17 хоног. Тиймээс songuuli16.mn сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан таны амьдарч буй тойрогт өрсөлдөх горилогч, намын жагсаалтад багтах боломжтой горилогчдыг танилцуулж эхэлжээ. Ингэхдээ долоо хоногт 30 горилогчийн мэдээллийг байршуулж, олон нийтийн сүлжээгээр давхар мэдээллээ цацах аж. Өөрөөр хэлбэл таны сонгох нэр дэвшигч хэн болохыг танин мэдэхэд туслах юм байна.
Мөн songuuli16.mn сайт нь УИХ-аар шинэчлэн батлагдсан Сонгуулийн тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, нам, нэр дэвшихээр горилогчдын Сонгуулийн тухай хуулийн зөрчлийг давхар мэдээлэх үүрэгтэй.