Монголын байгаль орчны төрийн байгууллагуудын холбоо, Мэргэжлийн анчдын холбоо хамтран өнөөдөр байгаль орчны хамгаалалт болон монголын бахархалт шувуу шонхрын асуудлыг хөндсөн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Дээрх холбоод Засгийн газраас нууц тогтоол гаргаж, 200 гаруй шонхрыг хил давуулсан хэмээн мэдэгдэв.
Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаа “Засгийн газар 2015 оны 7, 8, 9 сард төрийн нууц нэрийн дор, шонхор шувуу хил гаргах нууц тогтоол гаргасан” нь шонхор шувууг замбараагүй агнаж, борлуулдаг байсан явдлыг зогсоож чадсангүй, харин ч өөгшүүлсэн. Үндэсний бахархалт шувуугаар зарласан шонхрыг арилжааны зориулалтаар агнахыг хориглож, зөвхөн соёл, шинжлэх ухааны шугамаар агнахыг зөвшөөрсөн. Гэтэл Засгийн газраас нууц тогтоол гаргаж, 200 гаруй шонхрыг хил давуулсан.
Ингэхдээ нэг шонхроос улсад авах ёстой 11760 ам.долларыг ч бүтэн бодоогүй. Нэг шонхроос үсрээд л 3000 ам.доллар авсан. 2013 оноос хойш тооцоод үзэхээр нийтдээ 5.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан” гэлээ. Харин Монголын байгаль орчны төрийн бус байгууллагуудын холбооныхон “2015 оны хоёрдугаар сарын 11 буюу битүүний өдөр “Хямралаас гарах төлөвлөгөө” нэртэй тогтоолын төсөлд улсын тусгай хамгаалалттай газраас тодорхой хэсгийг гаргах тухай дурдагдсан”-ыг хөндлөө. 2015 оны долоодугаар сарын 7, 20-ны өдөр Засгийн газар хуралддаггүй өдөр төлөвлөгөөт бус хурал хийж, 2089, 302 тоот хоёр тогтоолыг баталснаар 7 аймгийн 11 суманд 13 мянган га газарт “Урт нэртэй хууль”-ийг тойруулан алт ухах зөвшөөрөл зарим компанид олгосныг нэр дурдсан баримтыг тарааж өглөө. Тэд энэ үеэр бас “Монгол Улсад цөмийн хаягдал булшлах тухай″ асуудлыг ч хөндсөн юм. Цөмийн хаягдалтай тэмцэгч иргэн Н. Ганбаатар “Хоёр конвенци, нэг протоколоор халхавчлан Монголд ашигласан түлш оруулах гэж байна. Конвенци гэж нэрлээд байгаа 31 хуудас материал нь бүхэлдээ ашигласан түлшийг хэрхэн оруулах асуудлыг багтаасан байсан. Эдгээр асуудлаар Монголын байгаль орчны төрийн байгууллагуудын холбоо, Мэргэжлийн анчдын холбооны зүгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарыг шүүхэд өгнө” гэв.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг